Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна

2020-06-29 Гэр бүл
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Үндэсний их баяр наадмын үеэр хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өнөөдрөөс эхлэн /2020.06.29/ хурдан морины уралдаанч хүүхдийг долдугаар сарын 09 хүртэл нийслэл, аймгуудад бүртгэнэ. Баяр наадам зохион байгуулах түр журмыг уяачид дагаж мөрдөх нь чухал юм.

Унаач хүүхдийн бүртгэлийг хийлгэхдээ:

-Унаач хүүхэд өөрийн биеэр ирэх

-Хүүхдийн төрсний  гэрчилгээ

-Эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт

-Уралдаанч хүүхдийн карт / өмнө нь уралдаанд оролцож бүртгүүлж байсан бол тухайн картаар бүртгэнэ/

-Эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрөл, эсвэл уяач эцэг, эх, хүүхдийн хооронд байгуулсан гэрээ байна

-Гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр /Хурдан морины уралдаанч хүүхдийг гэнэтийн ослын даатгалд заавал хамруулах бөгөөд  даатгуулсан гэрээг авч ирнэ/

Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хувьд:

Уг даатгалд нэг удаа хамрагдсанаар тухайн хүүхэд бүтэн жил даатгалд хамрагдах зохион байгуулалт хийсэн байна.

Тодруулбал,

-Суурь хураамж нь 100,000 төгрөг

-Нөхөн олговрын хэмжээ нь 20 сая /аймаг, сум, дүүргийн тээвэрлэлтийн зардал багтсан/ төгрөг байна.

Дашрамд дуулгахад, дан ганц хурдан морины уралдааны үеэр даатгал үйлчлэх бус жилийн хугацаанд хүүхэд бусад байдлаар бэртэж гэмтсэн тохиолдолд даатгалын үйлчилгээ хэрэгжих юм байна.

Энэ үеэр тус газрын дэд дарга Б.Халиун дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Баяр наадмыг зохион байгуулах түр журмыг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар баримтлан ажиллана. 2018 оноос уралдаанч хүүхдийг хурууны хээгээр нь бүртгэж эхэлсэн. Хүүхэд, гэр бүлийн мэдээллийн санд нийт 2019 онд давхардсан тоогоор 14,485 уралдаанч хүүхэд бүртгэгдсэн. 

Уралдааны асуудлаас гадна хүүхдийн хөдөлмөр эрхлэх байдал, хичээл хоцрогдол, хүүхдийн эрхийн зөрчил гарахгүй байх зэрэг асуудлуудаар жилийн хугацаанд 21 аймаг, 9 дүүрэг дэх Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хэлтсүүд хяналт тавин бусад төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлийг энэ жил 6 сарын 29-нөөс 7 сарын 9-нийг хүртэл 21 аймаг, болон нийслэлд хийнэ” гэлээ.

 

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.