“Хаммер”-тай залуус нийгэмд тустай үйл хийнэ

2017-05-15 Мэдээ, мэдээлэл

“Хаммер” нэртэй цэрэг дайны гэмээр арзгар том дугуйтай, овор  ихтэй машин хотын гудмаар мэр сэр үзэгддэг. Түлш их иддэг, үнэтэй машин гэж л ойлгогддог болохоос түүнийг эзэмшдэг хүмүүс нэгдэж, автомашиныхаа туулах чадварыг ашиглан нийгэмд тустай үйл хийдэг гэж тэр болгон мэддэггүй.

Монголд нийт 750 хаммер машин байдаг аж. Уг машин нь Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой бөгөөд түлш голдоггүй гэдгээрээ давуу талтайг хаммер сонирхогчид хэлж байна. Байлдааны зориулалтаар анх үйлдвэрлэгдэж байсан уг машины  H1, H2, H3, H3T загварууд манайд орж ирээд буй.

МҮХАҮТ-ын гишүүн “Хаммер Монголия” ХХК хаммер авто машины засвар үйлчилгээ, сэлбэгийн худалдаа, тансаг зэрэглэлийн авто машины худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энэ машиныг эзэмшигч, сонирхогч залуусын нэгдэл болсон “Хаммер клуб монголия”-г үүсгэн байгуулжээ.

Тэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон нийтийн хамарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг гэнэ. Тухайлбал улсын баяр наадмын дараа хөдөө орон нутгаар “Hummer Therapy” аяллыг зохион байгуулж, монгол орны үзэсгэлэнт байгальтай танилцдаг байна. Үүгээрээ дамжуулан гадаадынханд Монголын аялал жуулчлал, байгалийн сайхныг сурталчлахыг зорьдог ажээ.

Тус клубын залуус 2016 оны намар хөдөө орон нутгийн замд цасанд боогдсон зорчигчдод тусалж, татаж гаргах ажлыг зохион байгуулсан нь нийгэмд үлгэр дууриал болсон юм. Тэд энэ үйл ажиллагаагаа таслахгүй, байгалийн аюулт үзэгдлийн үед Онцгой байдлын аврагч нарт туслахад бэлэн байгаагаа илэрхийлж байв.

                                                                                                М.Дуламжав

 

<

© 2022 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.