ЭМЯ: Манай улсад нийт эдгэсэн тохиолдол 109 боллоо

2020-06-16 Мэдээ мэдээлэл

 

 

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 вирусийн цар тахлын дэгдэлттэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар тус вирусийн халдвар дэлхийн 216 улс орон, бүс нутагт бүртгэгджээ. Уг халдвараар 8.12 сая хүн өвчилсөн. Сүүлийн үед халдварын тохиолдлын тоо 8-10 хоногт нэг саяар нэмэгдэж буй аж. Бүх өвчлөлийн 75 хувь нь АНУ, Латин Америк, Ойрх Дорнодод батлагдсан байна. 

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ “ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 8,248 хүн халдвар авсан. Ингэснээр өвчлөгсдийн тоо 537 мянгад хүрлээ. Өөрөөр хэлбэл, манай улстай олон аймгаар хиллэдэг Буриад, Тува, Читад халдварын тархалт өндөр хэвээр байгаа бөгөөд хоногт 49-85 тохиолдлоор нэмэгдсэн.

Манай яамнаас ажиллуулж байгаа 24 цагийн ажиллагаатай 119 утсанд 168 дуудлага ирсэн. Мөн шуурхай 119 апп-д дөрвөн улсаас манай улсын зургаан иргэн холбогдож, мэдээлэл, зөвлөгөө авлаа. Хүмүүс худалдааны төв, захуудаар иргэд амны хаалт зүүхгүй байна гэсэн шүүмжлэл ирсэн.

Энд нэг зүйлийг онцлоход, амны хаалт нь covid-19 вирусээс 85 хувь хамгаална, харин нүүрний хаалт нь 75 хувь хамгаална гэсэн судалгааны дүн гарсан байна.

ДЭМБ-ын ерөнхий захирал, дэлхийн улс орнуудыг өндөр сонор сэрэмжтэй байхыг анхааруулсаар байна.

Бээжингийн хүнсний захад тархсан covid-19 бол өмнө нь дэгдсэн вирусээс халдварлах чадвар нь илүү байна гэсэн дүгнэлтийг эрдэмтэд мэдээлж байна” гэлээ.

ЭМЯ-ны албаны дарга Д.БУЯНЖАРГАЛ “Тусгаарлах байранд 1855 иргэн байна. Гэрийн тусгаарлалтад нийслэлд 709 хүн бий. Орон нутагт мөн иргэд гэрийн тусгаарлалтад байгаа. Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж хэвийн байна. Шинж тэмдгийн хувьд айхтар өөрчлөгдсөн зүйл байхгүй байна” хэмээлээ.

Өнөөдрийн хуралд мөн ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү оролцож, COVID-19 халдварыг илрүүлэх шинжилгээний хариунуудыг танилцууллаа.

Тэрбээр “2020 оны зургадугаар сарын 15-ны байдлаар ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Зооноз өвчин судлалын лаборатори болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийт 413 хүнд Covid-19-ийн шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, ажиглах байранд буй 16 хүнийн шинжилгээ, тавдугаар сарын 27-нд Алтанбулаг хилийн боомтоор орж ирсэн 358 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймаг тусгаарлагдсан 10 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор гурван хүнд шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүн, авто тээврийн 22 жолоочийн шинжилгээ хийхэд тус тус коронавирус илрээгүй.

Өнөөдөр нэг хүн эдгэрч, дараагийн сувилалд шилжлээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сургуулийн оюутан, 19 настай, 32 хоног эмчлүүлээд, дараагийн сувилалд шилжиж байна. Нийт батлагдсан тохиолдол 197 байна. Үүнээс эдгэсэн 109 тохиолдол боллоо. Эмчилгээнд 88 хүн байгаагаас 80 хөнгөн, 8 хүн хүндэвтэр байна. Үүнээс нэг хүүхэд, covid-19-ийн халдвартай жирэмсэн гурван хүн байна. Мөн чихрийн шижин өвчтэй нэг хүн байна” гэлээ.

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.16-НЫ 11:00 ЦАГ

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.16-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, June 15, 2020

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.