ЭМЯ: Өнөөдөр ХӨСҮТ-д 132 хүн тандалт, хяналтад байна

2020-06-15 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. Дэлхий дахинаа 7,797,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 427,000 хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр халдвар авсан, нас барсан хүний тоо өмнөх өдрөөс бага зэрэг буурсан мэдээтэй байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “ОХУ-д 24 цагийн дотор 8,835 хүн өвчилж, нийт өвчлөлийн тоо 528,000-д хүрсэн байна. Манай хил залгаа бүс нутгуудад өвчлөл 50-190 тохиолдлоор нэмэгдсэн. Өчигдөр Тувад сүүлийн 14 хоногт бүртгэгдээгүй олон тохиолдол бүртгэгдлээ.

Манай орны хувьд өчигдөр 5 хүн ажиглалтад шинээр орж, 9 хүн ажиглалтаас гарч гэрийн ажиглалт руу шилжлээ. Одоо ажиглах байранд нийт 2,061 хүн байна.

24 цагийн хугацаанд 119 дугаарт нийт 165 дуудлага ирсэн бол шуурхай аппликейшнээр гадаад улсуудаас 3 иргэн холбогдож зөвлөгөө мэдээлэл авлаа” гэв.

Коронавирусээр халдварласан 10 хүн өнөөдөр эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжиж байгааг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. 

Тэрбээр “Тэдний найм нь оюутан, 49-55 насны хоёр иргэн бөгөөд 17-55 хоног эмчлүүлсэн. Оюутнуудын эмчилгээний хоног цөөн буюу 17-19 хоног, элэгний хавдартай 64 настай, эмэгтэй 45 хоног эмчлүүлж эдгэлээ. Энэ бол бидний хамгийн их анхаарал тавьж байсан хүн юм. Мөн 49 настай иргэн 55 хоног эмчлүүллээ. Үүнээс үзэхэд ахимаг настай, архаг хууч өвчтэй хүний эмчилгээ нарийн төвөгтэй, вирусний эмчилгээнээс гадна  суурь өвчинд нь зориулсан эмчилгээг хавсарч хийж буйгаараа онцлогтой. Ингэснээр манай улсад “COVID-19” халдварын 194 тохиолдол бүртгэгдсэнээс өнөөдрийн 11 цагийн байдлаар 108 хүн эдгэрчээ. ХӨСҮТ-д 132 хүн тандалт судалгаа, ажиглалтад байгаагаас коронавирусээр халдварласан 86 хүн эмчлүүлж байна.Улсын хэмжээнд гурван лаборатроид өчигдөр буюу энэ сарын 14-нд нийт 258 хүнд коронавирусний шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд, Москва-Улаанбаатарын чиглэлийн тусгай онгоцоор тавдугаар сарын  ирсэн 26-нд ирсэн хүмүүсийн давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолоочийн шинжилгээ багтсан” гэлээ.

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.15-НЫ 11:00 ЦАГ

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.15-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Sunday, June 14, 2020

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.