Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.06.14/

2020-06-14 Мэдээ мэдээлэл

 

 

 

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал эхэллээ. Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 7 сая 853 мянган хүн өвчилж, 431,000 хүн нас баржээ. Сүүлийн 7 хоногт өвчлөл 100,000-аас дээш тохиолдлоор нэмэгдэж байна.  Өнөөдрийн байдлаар 4 сая хүн эдгэрч, 3.3 сая хүн эмчлэгдэж байна. Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл тодрууллаа.

Тэрбээр “Сүүлийн 24 цагт 126,000 хүн шинээр өвчилж, 4,000 гаруй хүн нас барсан нь өмнөх өдөртэй харьцуулахад өвчлөл 13,000-аар, нас баралт адил байна.

АНУ, Өмнөд Африк, Зүүн Өмнөд Азийн улсуудад, Ойрх Дорнод ялангуяа Пакистан, Энэтхэгт өвчлөл өндөр байна.

Энэтхэгт нийт өвчлөл 300,000 гаруйд хүрч, 9,000 хүн нас барсан нь цар тахлын оргил үе гэж эрдэмтэн судлаачид үзэж байна.

ОХУ-д өвчлөл 24 цагийн дотор 8,706 хүнээр нэмэгджээ. 520,000 хүн өвчлөөд байна.

Манай олон аймагтай хил залгаа Буриад, Тува, Чита улсад өвчлөл нэмэгдэж, 43-101 тохиолдол болжээ.

Тувад 101 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт өвчлөл 2,304 болж, 4 хүн нас баржээ.

Манай улсын хувьд ажиглалтад 2,607 хүн байна. Тусгаарлах ажиглалтад 1-5 насны 87 хүүхэд, жирэмсэн эмэгтэй 30, уч өвчтэй 80 хүн байна. Эдгээр хүмүүст 32 их эмч, 55 резидент эмч эмнэлгийн үйлчилгээг үзүүлж байна.

Орон нутгийн төмөр замын 12 эрүүл мэндийн ажилтан ажиллаж, 5,554 хүнд тандалгаа хийсэн. Коронавирусийн сэжигтэй тохиолдол илрээгүй.

Шуурхай утасны апп-д АНУ, Швед улсаас холбогдож тусгай үүргийн онгоцын хуваарийн талаар асуужээ.

Иргэд амны хаалтаа тогтмол зүүх, гараа сайн угаах, хүн хоорондын зайг барих нь чухал байна.

БНХАУ, БНСУ-д өвчлөл дахин нэмэгдэж магадгүйг эрдэмтэн судлаачид хэлж байна. Иймээс анхаарлаа сулруулж болохгүй” гэв.

Манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2020 оны 6 дугаар сарын 13-нд ХӨСҮТ-ийн 2, ЗӨСҮТ-ийн, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 294 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.

Шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг задалж хэлбэл:

  • Энэтхэгийн нислэгээр ирж, ХӨСҮТ-т тусгаарлагдсан 7 хүн
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээ
  • Энэтхэгийн онгоцоор ирсэн онгоцны үйлчлэгч, зорчигч, ажилчид гээд нийт 259 хүн
  • Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн 27 жолоочоос халдвар илрээгүй.

Өнөөдөр гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн сувилалд шилжиж байна. Энэ нь ОХУ-аас ирсэн Батлан хамгаалахын сургуулийн оюутнууд. Нийтдээ Батлах хамгаалахын сургуулийн 68 хүүхэд халдварт өртсөнөөс 29 нь эдгэрлээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 197. Үүнээс эдгэрсэн 98, эмчлэгдэж буй 99 хүн байна.

Коронавирусийн халдвар аван эмчлэгдэж буй хүмүүсийн биеийн байдал:

88 хүний биеийн байдал хөнгөн, 11 нь хүндэвтэр байна.

ХӨСҮТ-д 151 хүн байна, тандалт, судалгаа эмчилгээ үргэлжилж байна” гэсэн мэдээллийг өглөө.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.