ЭМЯ: Гурван хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 197 боллоо

2020-06-12 Мэдээ мэдээлэл
Эрүүл мэндийн яам Covid-19-т халдварын талаар өнөөдөр /2020.6.12/ мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Covid-19-т халдвар дэлхийн 216 орон бүс нутагт тархаж, 7.575 сая хүн өвчилж 422 мянган хүн нас барсан байна. Коронавирусийн халдвар АНУ, Өмнөд Америк, зүүн Азийн орнуудад эрчтэй тархаж байна. Иймээс ДЭМБ-ын ерөнхий захирал халдвар тархаж, байдал муудаж байгаа тул анхаарлаа өчүүхэн ч сулруулж болохгүй хэмээн анхааруулж байна. ОХУ-д сүүлийн 24 цагт 8779 хүн халдвар авсан байна. Тувад 113 хүн шинээр өвчилж нийт өвчлөл 2027 болж дөрвөн хүн нас барсан. Үүнтэй холбоотойгоор хөл хорионы хатуу дэглэмтэй байгаа ч эмнэлгийн ачаалал өндөр байсан. Тиймээс Туватай хил залгаа Увс аймгийн Давст сум онцгой анхааралтай байх шаардлагатай байна.

Токио-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор өчигдөр ирсэн 261 хүнээс Цэргийн эмнэлэгт 12, бусад хүмүүсийг зочид буудлуудад тусгаарлалаа. Тусгаарлалтад 1-5 насны 49 хүүхэд, 21 жирэмсэн эх байна. Амны хаалтаа сайн зүүж, гараа ариутгаж, хүн хоорондын зайгаа сайн барих шаардлагатай байна” гэлээ.

ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга, анагаах ухааны доктор Э.Оюунсүрэн “Дэлхий дахинд Covid-19-тэй холбоотой 29 мянга 639 эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгдэж 140 гаруй вакцины 242 эмнэлзүйн судалгаа хийгдсэн байна. Covid-19-т халдвар толгой хүчтэй өвдөх шинж тэмдгээр, хэд хоногийн дараа халуурах шинж тэмдэг илэрсээр байгаа юм. Өвчтөнүүдийн 84 хувьд нь хоолны дуршил буурах шинж тэмдэг илэрсэн байна. БНХАУ-д хийсэн судалгаагаар 58 хувьд шингэн алдах шинж тэмдэг илэрсэн. Тиймээс эрдэмтэд Covid-19 нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоог өвчлүүлдэг гэж үзэж байгаа” гэв.

Энэ үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Зургаадугаар сарын 11-нд гурван лабораторид нийт 241 хүнд шинжилгээ хийхэд 238 тохиолдлоос халдвар илрээгүй. Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 184 хүнээс гурвыг нь ХӨСҮТ-д тусгаарлан шинжлээд хариуг нь өчигдөр мэдээлсэн байсан. Үлдсэн 181 иргэний сорьцыг цуглуулж, шинжлэхэд гурван хүнд коронавирус илэрлээ.

Өнөөдөр зургаан хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн ажиглалт руу шилжлээ. Эдгэрсэн хүмүүс бүгд оюутан. Дөрөв нь батлан хамгаалахын сургуулийнх бөгөөд хоёр нь эмэгтэй, дөрөв нь эрэгтэй. Тавдугаар сарын 13, 14-нд ирсэн эдгээр оюутнуудын эмчилгээ 27-29 хоног үргэлжиллээ.

Ингээд нийт батлагдсан тохиолдол 197 болж байгаагийн 95 нь эдгэрсэн. Эмчилгээнд 102 хүний биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 91, хүндэвтэр 11 байна. Жирэмсэн эмэгтэй гурав, хорт хавдартай иргэн нэг, чихрийн шижин өвчинтэй нэг хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна” гэв.

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.12-НЫ 11:00 ЦАГ

COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.12-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Thursday, June 11, 2020

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.