Чуулганаар хэлэлцэх эхний асуудал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт

2017-05-11 Парламент

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар  Үндсэн хуулийн цэцийн 2017 оны IV дүгнэлтийг хэлэлцэж байна.
Иргэн П.Оюунчимэгээс Үндсэн хуулийн цэцэд хандан УИХ-аас 2012 оны гуравдугаар сарын 7-ны өдөр баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтад “өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан;”, 6.1.3 дахь заалтад “Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилсан.” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалт зөрчсөн эсэх талаар өргөдөл хүргүүлсэн юм. Харин Үндсэн хуулийн цэц уг маргааныг дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр … томилж болно.” гэж заасныг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргасан юм.
УИХ-ын гишүүн Н.Учрал П.Оюунчимэгийн өргөдөл нь үндэслэлтэй гээд Үндсэн хууль зөрчсөн, цаашлаад Үндсэн хуулиас давсан Шүүгчийн эрх зүйн байдлын хуулийг эргэн харах ёстой гэсэн байр суурь илэрхийлэв. Шинээр бэлтгэгдэж байгаа хуульч залуус шүүгчээр ажиллах боломжийг хаасан энэ заалтыг өөрчилж, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авахгүй байхыг гишүүдэд уриалж байлаа. Гишүүд үргэлжлүүлэн асуулт асууж, саналаа хэлж байна.
Өнөөдрийн хуралдаанаар мөн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батална.

C.Гэрэлсүх

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.