Найрал дууны анхдугаар их наадам эхэллээ

2017-05-10 Мэдээ, мэдээлэл

“Улаанбаатарын хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадмын нээлт Д.Сүхбаатарын талбайд боллоо. Гурван өдөр үргэлжлэх тус наадамд Монгол Улсаас УДБЭТ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, СУИС, МУБИС, СИТИ, ХБК зэрэг мэргэжлийн урлагийн байгуулага, сургуулиудын хамтлаг дуучид, ОХУ-ын Буриад Улсын П.И.Чайковскийн нэрэмжит урлагийн коллежийн оюутны найрал дуу, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алша аймгийн Зүүн хошууны Улаан мөчрийн цөөхүүл дуучид, Хөлөнбуйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Барга хүүхдийн найрал дууны бүлгэм, БНСУ-ын “Тэнгэрийн дуу” найрал дууны хамтлаг зэрэг гадаад дотоодын нийт 24 хамтлагийн 1000 гаруй уран бүтээлч оролцоно.

Наадмын нээлтийн ёслолын  үеэр наадамд оролцогчид  нэгдсэн парад алхалт хийж сүрийг үзүүлэв.

Түүнчлэн Хүүхдийн найрал дууны тоглолт Улаанбаатар чуулгын байранд, маргааш Гадаад хамтлагуудын нэгдсэн тоглолт Улсын Филармонийн концертын танхимд, 12-нд тус их наадмын Гала тоглолт УДБЭТ-ын тайзнаа тус тус болох юм.
Дашрамд дуулгахад, Монголын соёл урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар ирсэн “Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо” нь 2005 оноос найрал дууны их наадмыг “Хаврын баяр” нэртэйгээр 9 удаа амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ жилээс эхлэн наадмынхаа цар хүрээг тэлж “Улаанбаатарын хавар 2017” олон улсын найрал дууны анхдугаар их наадмыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж байгаа юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.