Д.Нямхүү: Өчигдөр 109 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан

2020-05-21 Мэдээ мэдээлэл

 

 

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал манай улсад болоод дэлхийд ямар байгаа талаар ээлжит мэдээллээ хийж байна. Одоогийн байдлаар дэлхийд тус халдвараар 5,079,000 хүн өвчилж, 329,000 хүн нас барсан байна. Энд нэг зүйлийг сануулахад, 11 хоногийн өмнө 4 сая хүн энэ өвчнөөр өвдөж байсан бол ийнхүү нэг сая гаруй хүн нэмж өвджээ. Өөрөөр хэлбэл, 11 хоногийн хугацаанд сая хүн халдвар авсан гэсэн үг юм. Гэхдээ одоогийн байдлаар 2 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан таатай мэдээтэй байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн 24 цагийн хугацаанд 96,000 хүн шинээр өвчилж, 4,000 гаруй хүн нас баржээ. Өвчлөл 4-5 оронд голомтлон эрчимтэй тархсаар байна. Тухайлбал, ОХУ-д халдвар эрчимтэй нэмэгдсэн. Манай улстай хил залгаа оршдог бүс нутгуудад өвчлөлийн тархац маш хурдтай байгаа. Тухайлбал, Буриадад өвчлөл 42, Эрхүүд 48, Тувад 56 тохиолдол нэмэгдсэн мэдээтэй байна.

Орон нутгийн чиглэлийн 13 галт тэргэнд 3895 хүнд танадалт судалгаа хийсэн. Сэжигтэй тохиолдол илрээгүй. Манай улсын тухайд, сүүлийн 24 цагийн хугацаанд 47 хүн ажиглалтад шинээр орсон. Нийт 1962 хүн ажиглалтад байна.

Мөн 24 цагийн 119 дугаарын утсанд 242 дуудлага ирсэн. Шуурхай-119 аппликейшнд гадаадын 4 орноос 20 дуудлага ирлээ. Үүнд, АНУ, Казахстан, ОХУ, Швейд зэрэг 4 орноос 10 монгол хүн холбогдож мэдээлэл, зөвлөгөө авсан.” гэв.

Манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.

Тэрбээр “Өчигдөр гурван лабораторид нийт 109 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, ажиглах байранд тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн Ханги боомтод байгаа 57 тээврийн жолооч, тандалтын зорилгоор цуглуулсан 17 сорьц, Алтанбулаг боомтоор орж ирсэн 29 жолоочид хийсэн шинжиилгээнд коронавирус илрээгүй.

Нийт 140 тохиолдол бүртгэгдсэн байгаагаас 26 хүн эмчлэгдэж, дараагийн ажиглалт руу шилжсэн. Одоо ХӨСҮТ-д 114 хүн эмчлэгдэж байна. Эмчилгээ хийлгэж байгаа иргэдийн 88 нь биеийн байдал хөнгөн, 26 нь хүндэвтэр гэж үнэлэгдлээ.

Мөн 68 хүн ХӨСҮТ-д ажиглалтад байгаа. Тэдний 47 нь энэ сарын 24-н гэхэд гарна. Үлдсэн хүмүүс ойрын өдрүүдэд ажиглалтаас гарч, эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс л үлдэхээр байна” гэв.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.