ЭМЯ: 397 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ

2020-05-10 Мэдээ мэдээлэл

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн мэдээллийг хүргэж байна. Өнөөдрийн байдлаар 42 хүн коронавирусийн халдвараар өвчилснөөс 28 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа бол нийт ажиглалтад 991 хүн байна.

Мэдээллийн эхэнд тус яамны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “ Дэлхийн 215 улсад 4.1 сая хүн өвчилж 280 гаруй мянга хүн нас барж 1.4 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Монгол улсад 42 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирснээс 14 хүн эдгэрч дараагийн шатанд шилжсэн бол 28 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар ажиглалтад 991 хүн байна. Орон нутгийн 11 чиглэлийн гал тэргэнд 371 эмнэлгийн ажилтан, 4350 зорчигчдод коронавирусийн халдвар илрүүлэх тандалт судалгаа хийхэд одоогоор халдвар илрээгүй. 24 цагийн байдлаар 119 дугаарт 156 дуудлага ирсэн. Ихэнх нь дэглэм болон олон улсын коронавирусийн халдварын талаарх мэдээлэл авсан. Манай иргэдийн хувьд маскаа ил задгай хаяж байгааг сэрэмжүүлж өгөөч гэсэн хүсэлт ирсэн. Тимээс маскаа ил задгай хаяхгүй байх хэрэгтэй.  ЭМЯ, ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран цаашид авах арга хэмжээний чиглэлийг байнга гаргаж байгаа. Яагаад гэвэл дэлхий дахинд коронавирусийн халдварын хоёр дахь давалгаа эхлэх, зарим оронд эхэлж байгаа гэсэн чиг хандлагатай байгаа. Манай орны хувьд коронавирусийн халдвар хүн амын дунд голомтлон тархах нь цаг хугацааны асуудал” гэв.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Өчигдөр нийт лабораториудад 397 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. ЭМЯ-аас тандалтын зорилгоор цуглуулсан таван сорьцоос коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 49, ажиглах байранд тусгаарлагдсан 282, Өмнөговь аймагт тусгаарлагдсан долоо, Замын-Үүд суманд тусгаарлагдсан 18 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй. Мөн энэ тоонд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн зорчигчдын давтан шинжилгээ орсон байгаа. Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор  36 ачаа тээврийн жолоочийн сорьцод коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 107 хүн тандалт, ажиглалт, эмчилгээ хийлгэж байна” гэлээ.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.