Юуны өмнө Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутыг онцолж байна. Тэрбээр аймгийнхаа Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчид компанид тендер зарлалгүйгээр 300 сая төгрөгийн шууд худалдан авалтыг өгчээ. Мөн одоогоос жил гаруйн өмнө Д.Батлутыг “Эрдэнэт” үйлдвэрийн Орхон аймагт төлөх ёстой байсан 579 сая төгрөгийн газрын төлбөрт суутгах замаар аймгийн удирдлагууд нь том оврын автомашинуудыг авч унасан талаарх баримтууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байв. Уг асуудлаар АТГ-аас өнгөрөгч дөрөвдүгээр сард хэрэг бүртгэл нээж шалгаж, прокурорт хаагдсан байдаг. Орхон аймгийг 2016-2020 онд удирдаж, өдгөө барьцаа ахиулан УИХ-ын гишүүнд өрсөлдөхөөр эрхээ аваад байгаа түүнийг хийсэн хэргээ хаацайлж, уснаас хуурай гарахаар оролдож байна гэж хардах хүмүүс байна. Учир нь Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас эрх мэдлээ ашиглан 150 сая төгрөг авсан байж болзошгүй мэдээлэл байгаа юм. Ямартай ч ийм нэгэн эрхэм УИХ-ын 20 дугаар тойрогт нэр дэвшинэ. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан асуудлаар АТГ шалгаж эхэлсэн байдаг.
Мөн Төв аймгийн Засаг дарга Д.Батжаргал УИХ-д өрсөлдөхөөр МАН-аас орж ирэв. Түүний хувьд тус аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаад Засаг даргаар томилогдсон байдаг. Түүнтэй холбогдох хэргийг ч хуулийн байгууллага шалгаж байна. Тухайлбал, Төв аймгийн Аргалант суманд зам тээврийн осолд өртөж, жолооч нь газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Эх сурвалжийн мэдээллээр Төв аймагт болох хуралд яарч, хурд хэтрүүлсний улмаас энэхүү осол болж, хүний амь эрсэдсэн мэдээлэл байсан юм.
Түүнчлэн Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд мөн УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ. Сумын барилгын тендерээс эхлээд уурын зуух, зам гээд Өвөрхангайд авч болох бүхий л тендер Засаг даргын гараар орсон гэж ярих хүмүүс бий. Энэ асуудлаар Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн байдаг.