Д.Нямүү: Батлагдсан 140 тохиолдол байгаагаас эдгэрсэн нь 26 боллоо

2020-05-19 Мэдээ мэдээлэл

 

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Дэлхийн 215 гаруй улсад шинэ коронавирусийн халдвар тархаж, 4 сая 885 мянган хүн өвчилж 2.6 сая хүн эмчлэгдэж байна.

ЭМЯ-наас ажиллуулж байгаа тусгай утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 259 дуудлага ирснээс БНСУ, Ирланд, Швед АНУ-аас монгол иргэд холбогдож, зөвлөгөө мэдээлэл авсан байна.

Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Коронавируст халдвар дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 4,885,000 хүн өвчлөн 319,000 хүн нас барсан байна. 1.9 сая хүн эдгээр эмнэлгээс гарсан, 2.6 сая хүн эмчилгээ хийлгэж байгаагийн 44,000 хүнийх нь биеийн байдал маш хүнд байгаа юм. Сүүлийн 24 цагт 86,000 хүн шинээр халдвар авч, 3,300 хүн нас барсан нь өмнөх өдрөөс өвчилсөн хүний тоо 5,000-аар их боловч, нас барсан хүний тоо 300-аар бага байна.

ОХУ-д халдварын тохиолдол нэмэгдсээр байгаагийн дотор манай улсын хил залгаа бүсүүдэд халдварын тохиолдол 30-75-аар нэмэгдэж, өвчлөлийн хурд эрчимтэй явагдаж байна.

Өчигдөр ДЭМБ-ын 73 дугаар ассамблей цахимаар зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд хоёр өдөр үргэлжилнэ. Энэ чуулганд дэлхийн 194 улсын 3000 орчим төлөөлөгч зөвхөн covid-19 халдварын нөхцөл байдлын талаар ярилцаж буй юм. Өнөө өглөө 08:00 цагт ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл тус хуралд илгэлт тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Уг хурлыг нээж ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос “Коронавирустэй тэмцэх шидэт арга одоогоор бидэнд алга. Гар барих төдийд амь насанд аюул учрах ийм нөхцөлд бид байна. Бидний ертөнцөд хүн амгалан тайван оршиход амаргүй байна. Коронавирус харанхуйд ч чимээгүй ажилласаар байна. Тиймээс бид сонор сэрэмжээ огт алдаж болохгүй. Үндэсний түвшинд эв нэгдэл олон улсын түвшинд хамтын ажиллагаа чухал байна” гэдгийг онцлон тэмдэглэсэн.

COVID-19 халдвар ихэнх хүүхдүүдэд хөнгөн хэлбэрээр илэрч байгаа ч цөөн тохиолдолд олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хам шинж илэрч, амь насанд эрсдэл учруулж байгаа юм.

24 цагийн хугацаанд 119 дугаарт 259 дуудлага ирж, мэдээлэл зөвлөгөө авсан. Гадаадын дөрвөн улсаас тодруулбал, БНСУ, Ирланд, Швед, АНУ-аас дөрвөн дуудлага ирлээ.

Манай иргэдийн хувьд худалдаа, үйлчилгээний газруудад хоорондын зай барихгүй байх тохиолдол түгээмэл байгааг мэдээлж байна.

Европын орнууд хөл хорионы дэглэмээ сулруулж, ингэхдээ үндсэн хоёр шаардлагыг тавьж байгаа. Эхнийх нь амны хаалтыг тогтмол зүүх бол дараагийнх нь иргэд хоорондын зай 1.5-2 метр байхыг онцгойлон анхааруулж байгаа” гэдгийг хэллээ.

Манай улсын тухайд, хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь ямар  гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв.

Тэрбээр “Өчигдөр дөрвөн лабораторид нийт 367 хүнд давтан шижилгээ хийхэд, бүх хариу нь сөрөг гарлаа. Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа 8, ажиглах байранд байгаа 315, тандалтын зорилгоор цуглуулсан 17,  Алтанбулагийн боомтоор орж ирсэн 27 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Сайхан мэдээ байна. Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн хяналт руу шилжиж байна.

Ингээд батлагдсан тохиолдол 140 байгаагаас эдгэрсэн нь 26 боллоо. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 182 хүн эмчилгээ болон хяналтад байна” гэв.

ЭМЯ-НЫ эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал дараах мэдээллийг хийлээ.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар нийт 1769 иргэн ажиглах байранд байна. Тэднийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, амралт сувилал, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Өмнөговь аймгуудад бэлтгэсэн тусгаарлах байранд байрлуулж байна. Тусгаарлан ажиглалтад байх иргэдэд эх бари, х эмэгтэйчүүд, зүрх судас зэрэг нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх шаардлага гарч байгаа учраас эмч нар халдваргүйжүүлэлтийн дэглэмээ бариад ажиллаж байна.

Өнөөдөр ажиглах байранд нийт 107 хүүхэд байна, 5 хүртэлх насныхан. Жирэмсэн 65, хавдартай 24, бусад нь ходоодны шархтай, уналт таталт өгдөг зэрэг 127 хүн байна гэсэн судалгаа гарсан. Цэргийн төв эмнэлэгт маш хүнд дөрвөн хүн байгаа. Вирусийн шинжилгээ нь сөрөг гарсан ч үндсэн өвчнөөрөө эмчлэгдэж байна.

Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өнөөдөр  158 иргэн ирсэн. ХӨСҮТ-д  хоёр, Улсын нэгдсэн төв эмнэлэгт таван тохиолдлыг хүлээн авсан. Түргэвчилсэн оношлуураараа шинжилгээ авсан. Дараагийн шатны шинжилгээг үргэлжлүүлэн хийнэ” гэв.

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.19-НИЙ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.19-НИЙ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, May 18, 2020

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.