ЭМЯ: Гадаадад байгаа монголчуудаас халдвар авсан нийт 32 хүн байна

2020-05-15 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийж байна. Шинэ коронавирусийн халдвараар дэлхийн 216 оронд 4.5 сая хүн өвчилсөн бол 1.7 сая хүн эдгэрч, 2.4 сая хүн эмчлүүлж байгаа аж. Дэлхийд өнгөрсөн 24 цагийн байдлаар 94 мянган хүн шинээр халдвар авч, 5000 хүн нас баржээ. Харин өчигдөр ОХУ-д буюу манай хойд хөршид 9,974 хүн шинээр халдвар авсан бол Буриадад 49, Эрхүүд 26 тохиолдол нэмэгдсэн байна.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Манай улсын хувьд одоогоор нийт 98 тохиолдол бүртгэгдээд байна. Өчигдөр Турк улсаас 179 иргэн тусгай үүргийн онгоцоор ирсэн. Тэдгээр хүмүүс ар гэрийн гачигдал, визний зөрчилтэй, эрүүл мэндийн шалтгаантай байсан. Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Монголика, Амар, Мичид зэрэг зочид буудалд тусгаарласан. Мөн Алтанбулагийн боомтоор ОХУ-аас 200 гаруй оюутан ирснийг Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймаг болон Баян байгаль, Батсүмбэр, Баянхангай амралтад байрлуулсан. Өчигдрийн хувьд шинээр 400 хүн ажиглалтад нэмэгдсэн бол 22 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн. Өнөөдрийн байдлаар ажиглалтад нийт 1,619 хүн байгаа бол тэдэнд 22 их эмч, 49 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Түүнчлэн 14 чиглэлийн орон нутгийн галт тэргэнд Төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч нар ажиллаж, 3,520 зорчигчид тандалт судалгаа явуулахад сэжигтэй тохиолдол илрээгүй.

Харин өнгөрөгч 24 цагт яамны “Шуурхай 119” утсанд 224 цагийн хугацаанд нийт 296 дуудлага ирсэн бол аппликэйшнд найман дуудлага ирсэн байна.

Үүнд АНУ-аас нэг, Швед улсаас нэг хүн холбогдож, зөвлөгөө авсан бөгөөд Швед улсаас холбогдсон манай улсын нэг иргэнд коронавирус илэрсэн байна. Түүний биеийн байдал одоогоор хөнгөн байгаа учир гэрийн тусгаарлалтад буй аж.

Ингээд гадаадад байгаа монголчуудаас халдвар авсан нийт 32 хүн байна. Түүнээс 13 нь эдгэрсэн бол бусад нь гэрийн тусгаарлалтад байгаа.

Мөн иргэдээс зах, худалдааны төвийн худалдагч нар амны хаалтгүй үйлчилж байгаа гэх мэдээлэл ирлээ. Ингэж болохгүй. Худалдаа үйлчилгээ эрхэлж буй хүн бүр амны хаалтыг заавал зүүх хэрэгтэй бөгөөд гараар оёсон амны хаалтыг 8 цаг тутам, нэг удаагийн амны хаалтыг 2-3 цагийн хугацаанд солих хэрэгтэйг анхааруулж байна” гэдгийг онцлов.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-өөс өнөөдөр таван хүн гарч, дараагийн хяналтын шатанд шилжлээ. Өнгөрсөн хугацаанд тус эмнэлэгт эмчлүүлсэн 20 хүний шинжилгээний хариу сөрөг гарч, бүрмөсөн эдгэсэн байгаа. Тэд бүгд эмнэлгээс гарсан. Мөн дөрвөн оюутан, 55 настай эмэгтэй эдгэрсэн. Эмчилгээнд байсан хоног дээд тал нь 55, зарим нь 25-30 хоног байлаа. Үүнээс 20-21 насны оюутнууд эдгэрч гарсан.

Өчигдрийн шинжилгээний дүнтэй нийлүүлбэл 98 хүн албан ёсоор халдвартай гэж оношлогдсон. Нийт 78 хүн эмчилгээ хяналтад байна.

Мөн өчигдрийн байдлаар ХӨСҮТ, Дарханы салбар нийт дөрвөн лабораторид 381 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Дархан-Уул аймгийн салбар лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн 44 жолооч, 10 тусгаарлагдсан хүний шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй.

Сөүл –Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр энэ сарын 1-нд ирсэн иргэдэд давтан шинжилгээ хийхэд мөн шинэ коронавирус илрээгүй” гэлээ.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Цогбадрах коронавирусийн тархалтын үеийн бэлэн байдлыг хэрхэн хангаж байгаа талаар мэдээллээ.

Тэрбээр, ЗӨСҮТ цаг үеийн байдал, эрсдлийн үнэлгээнд үндэслэн шуурхай арга хэмжээ авах багийг томилж, үүрэгжүүлэн ажиллаж байна. Коронавирусийн халдварын тархалт өндөр байгаа бүс нутгаас тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн ачаа тээш, тэдгээрийг тээвэрлэн ирсэн онгоц, галт тэрэг, автомашин, бусад ачааагаар дамжин коронавирусийн халдвар олон нийтийн дунд тархах эрсдэлээс сэргийлэх чиглэлээр голлон анхаарч, эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж байна.

Одоогоор шуурхай хариу арга хэмжээний баг 172 удаагийн дуудлагад үйлчилж, иргэдийн 7500 гаруй ачаа, 277.5 тн карго ачаа, 96 агаарын хөлөг, 250 гаруй тээврийн хэрэгсэлд халдаргүйжүүлэлт хийлээ. Мөн 21 аймгийн эрүүл мэндийн байгууллага, 290 гаруй эмч мэргэжилтний төлөөллийг хамруулж, эцсийн халдваргүйжүүлэлийг хэрхэн хийх сургалтыг хоёр удаа цахимаар зохион байгуулсан.

 

Энд нэг зүйлийг тодруулахад, өндөржүүлсэн бэлэн байдлын үед тус цар тахлаар нас баралт хэрвээ гарах юм бол цогцосыг халдваргүйжүүлэх, тээвэрлэх, чандарлахад халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримтлах талаар “Улаанбаатар Буян” ХХК-ийн ажилчдад хоёр удаагийн сургалт зохион байгуулсан. Мөн холбогдох гарын авлага хэвлэн тараасан. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 153 дугаар тоот тушаал гарсан.

Өөрөөр хэлбэл, өндөржүүлсэн бэлэн байдлын үед онц халдварт өвчнөөр нас барсан тохиолдолд шууд УОК-ын шийдвэрээр ажлын хэсэг гарч, эрүүл мэндийн байгууллага, буяны байгууллага гэх мэт холбогдох байгууллагууд талийгаачийг чандарлах газар авч очих бөгөөд буян номыг лам хурна. Харин халдваргүйжүүлэлтийн ажлыг мэргэжлийн байгууллагууд хяналт тавин ажиллах юм. Мөн халдвар авсан иргэнийг нас барсан тохиолдолд ар гэрийнхэнтэй нь салах ёс гүйцэтгүүлэхгүй. Ер нь халдвар өвчин тархах гол шалтгаан нь улс орон бүрийн ёс заншилтай шууд холбоотой. Тухайлбал, яагаад Эбола өвчин африк тивийн улс оронд эрчимтэй тархсан вэ гэхээр тэдгээр хүмүүсийн ёс заншилд нас барсан хүнтэйгээ заавал салах ёс гүйцэтгэсэнтэй холбоотой байсан юм.

Хэрвээ манай улсын иргэн гадны улс оронд халдвар авч, харамсалтайгаар нас барсан тохиолдолд чандарыг ар гэрийнхэнд нь болон бусад газар луу дамжуулахгүй гэсэн хатуу заалт бий. Нэг үгээр хэлбэл, гадны улсад уг халдварт өвчнөөр нас барсан хүний чандарыг Монгол Улсад тээвэрлэн ирэхгүй” гэв.

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.15-НЫ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.15-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Thursday, May 14, 2020

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.