Шууд-ЭМЯ: Коронавирусийн батлагдсан тохиолдол манай улсад 61 боллоо

2020-05-14 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд ажиглалтад 1286 хүнийг 62 эмч, ажилтан эмчилж байгаа аж.

Энэ талаарх мэдээллийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл тодруулав. Тэрбээр “Салбар яамны 24:00 цагийн 119 шуурхай утсанд нийт  393 дуудлага ирсэн. Гадаадаас  нийт 58 дуудлага долоон улсаас ирж 16 хүн коронавирусийн талаар зөвлөгөө мэдээлэл авсан.  Мөн орон нутгийн вагоноор зорчигчдоос сэжигтэй тохиолдол илрээгүй. Энэ талаарх мэдээллийг тодруулбал, орон нутгийн 14 галт тэргэнд явсан 3754 хүн тандалтын судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

Манай улсын хувьд, өчигдөр ОХУ-аас гурван онгоцоор Москва, Санкт-Петербург, Новосибирск болон бусад хотуудад суралцдаг 347 оюутныг хүлээж авлаа. Тухайн оюутнуудыг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Бага баян амралтын газар, Тоёоко инн зочид буудалд тусгаарласан. Ингээд нийт 1286 хүн ажиглалтад байна.

Харин дэлхийд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр өвчилсөн хүний тоо таван мянга гарсан байна. Өнөөдөр коронавирусийн халдвар Лесотогийн Хаант улсад шинээр гарч дэлхийн 216 орон, нутаг дэвсгэр бүртгэгдлээ. Энэ өвчнөөр 4.2 сая хүн өвчилж, 297 мянган хүн нас баржээ.

Мөн 1.6 сая хүн эмнэлгээс гарсан бол 2.4 сая хүн эмнэлэгт хэвтэж байна.

Сүүлийн 24 цагт 83 мянган хүн шинээр өвчилж, 5,000 гаруй хүн нас барсан бөгөөд ОХУ, Бразил зэрэг улсад нөхцөл хүнд байна. Шинэ кластерууд бүртгэгдэж өвчлөл тархах хандлагатай боллоо” гэв.

Манай улсад коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү зарлаж байна. 

Тэрбээр “Тавдугаар сарын 13-нд ХӨСҮТ-д нэг эх амаржиж, охинтой боллоо. Хоёр удаа хяналтын шинжилгээ хийхэд СӨРӨГ гарсан.  Түүнчлэн хоёр лабораторид 375 хүнд шинжилгээ хийгдсэн.

Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид ачаа тээврийн 25 жолоочоос шинжилгээ авахад коронавирусийн халдвар илрээгүй.

ХӨСҮТ-д хяналтад байсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Мөн ОХУ-аас ирсэн 18 оюутнаас коронавирусийн халдвар илэрсэн” хэмээн тодрууллаа.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрсэн иргэн нь Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн. ХӨСҮТ-д одоогоор 132 хүн хяналт, ажиглалтад болон эмчилгээ хийлгэж байна. Харин коронавирусийн халдвар аваад эдгэрсэн 15 хүн дараагийн ажиглалтад шилжсэн.

Эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой байгаа. Хоёр хүний шинж тэмдэг арилсан, эмнэлгээс гарахад бэлэн байгаа ч нэг сорьцод вирус илэрч байгаа тул эмчилгээг үргэлжлүүлж, бүх шинжилгээ сөрөгжвөл эмнэлгээс гаргаж, ажиглалтад шилжүүлнэ” хэмээн мэдээлэв.

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.14-НИЙ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.14-НИЙ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, May 13, 2020

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.