ЭМЯ: Манай улсад 15 хүн эдгэрч, 27 хүн эмчлүүлж байна

2020-05-13 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын тархалт дэлхийд болоод манай улсад ямар байгаа талаар ээлжит мэдээллээ хийж байна. Сүүлийн 24 цагийн байдлаар тус халдвар дэлхийн 215 улс орон, бүс нутагт бүртгэгджээ. Мөн 4.3 сая хүн өвчилж, 292 мянган хүн нас барсан бол 1.6 сая хүн эдгэрчээ. Харин 2.4 сая хүн энэ өвчний улмаас эмчлүүлж байна. Одоогоор дэлхий дахинд 83 мянган хүн коронавирусээр халдварлаж, 5000 гаруй хүн нас баржээ.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Манай улсад гаднаас зөөвөрлөгдсөн коронавирусийн 42 тохиолдол бүртгэгдсэнээс 15 хүн эдгэрч, 27 хүн эмчлүүлж байна.

Өнөөдрийн байдлаар, ажиглах байранд нийт 945 хүн байгаа бөгөөд тэдэнд 49 эмч, резидент эмч тусламж үзүүлж байгаа юм. Мөн Төмөр замын нэгдсэн эмнэлгийн 10 эмч орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд ажиллаж, 3500 гаруй зорчигчид коронавирус илрүүлэх тандалт судалгаа хийж байна.

ЗӨСҮТ-ийн баг Гуанжу-Улаанбаатар-Франкфурт чиглэлийн хоёр онгоцны 1000 гаруй ачаа тээшийг халдваргүйтүүллээ.

Коронавирусийн халдварын талаарх зөвлөгөө мэдээлэл өгдөг шуурхай 119 дугаарын утсанд өнгөрсөн 24 цагийн дотор нийт 224 дуудлага ирсэн. Мөн “Шуурхай 119” аппликэйшнээр дамжуулан 40 дуудлага ирснээс АНУ, Швед, Япон улсаас манай улсын есөн иргэн коронавируст халдварын эмнэл зүйн шинж тэмдгийн талаарх зөвлөгөө авсан.

Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, хүүхдүүд амны хаалтгүй гадуур явж, ундаа, зайрмагийг ам дамжуулан хэрэглэж байгаа талаар иргэд мэдээлж байна. Хүнсний бүтээгдэхүүнийг ам дамжуулан хэрэглэх нь халдвар дамжуулах, тараах эрсдэлтэй” гэдгийг анхаарууллаа.

ХӨСҮТ болон ажиглах байруудад тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэв.

Тэрбээр “Тавдугаар сарын 12-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори болон Дархан-Уул аймгийн лабораторид нийт 266 хүний шинжилгээ хийлээ. Ингэхэд бүгдээс нь коронавирусийн халдвар илрээгүй.
Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 7, ажиглах байранд тусгаарлагдсан 242 хүний давтан шинжилгээ сөрөг гарлаа. Мөн тандалтын зорилгоор 5 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Энэхүү шинжилгээ нь тандалтын зорилгоор Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс тус тус сорьц авсан юм.
Түүнчлэн Дархан-Уул аймгийн Вирус судлалын лабораторид ачаа тээврийн 12 жолоочид шинжилгээ авахад халдвар илрээгүй. Бид ОХУ-аас оюутнуудыг хүлээн авах ажлыг зохион байгуулж байна. Голомтот газраас ирж байгаа тул онцгой анхааран ажиллана” гэв.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.