Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэж энэ удаагийн парламентын сонгуульд Баян-Өлгий аймгаас ураг удмын хэлхээтэй нөгөө л хэдэн нөхөр дахиад л төрийн эрхийг атгахаар идэх хоол, унтах нойроо умартан сууцгаана. Одоогийн байдлаар МАН-ын удирдлагуудын төвшинд эл тойрогт яригдаж буй эрхмүүдийн талаар дуулгахад, УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, ИТХ-ын дарга Д.Бауыржан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле эмэгтэйчүүдийн квотод нэр дэвшин өрсөлдөх болов уу гэсэн таамаг яригдаж байна. Мөн 2016 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад нэр дэвшсэн ч АТГ-ын шалгалтад бүдэрсэн Т.Аубакир энэ удаагийн их сунгаанд нэр дэвшихээ мэдэгдээд байгаа.
Гэвч хөшигний цаана эдгээр эрхэм цусан төрлийн холбоотой. Ёстой л хэн нь төр зайдалсан ч Өлгий хотод салхи савар сэнгэнэхгүй юм байгаа.
Учрыг тунгааваас Кисебай өвөөгийн үр удам салбарлан үржсээр УИХ-ын гишүүн Г.Солтан болон Т.Аубакир нар мэндэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, дээрх хоёр эрхэм нь ах дүүсийн хүүхдүүд юм. Мөн УИХ-ын гишүүн Г.Солтан болон дэд сайд Ж.Сауле нар нь Төлек буюу нэг омгийн, эгч дүүс аж. Түүнчлэн Т.Аубакир болон Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан нар нь Х.Баделхан сайдын төрсөн дүүгийн хүүхдүүд гэж байгаа. Ингээд удмын хэлхээ цааш үргэлжлэх буюу эл нөхдүүд нэг омог болж таарах нь. Мөн Х.Баделхан сайдын дүүтэй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле гэр бүл бололцож, өдгөө үр хүүхдээ тойруулан сууна. Харин аймгийн Засаг дарга А.Гылымхан, Х.Баделхан сайд нар нь Дэлүүн сумын гаралтай буюу бас л нэг омгийнх. Бүр тодруулбал, Молхы омгийн хүмүүс гэнэ. Мөн ИТХ-ын дарга Д.Бауыржан болон горилогч Т.Аубакир нар мөн л Молхы буюу нэг омгийнх аж.
Ийм нэгэн цусан төрлүүд ирэх сунгааг онилж, нийтлэлийн эхэнд дурьдагдсан шиг “Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй” гэдэг зарчим дахиад л Өлгийд үргэлжлэх нь дээ…
Энд нэг зүйл тодруулахад, Казах үндэстнийг 12 омогт хуваадаг. Үүнд Жантекэй, Харахас, Меркит, Молхы, Төлек, Шыбарайгыр, Жастабан, Ители, Көнсадах, Шеруши, Хултайболат, Сарбас гэж хуваагддаг байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87372
30452
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.