ЭМЯ: Ажиглалтад тав хүртэлх насны 49 хүүхэд байна

2020-05-12 Мэдээ мэдээлэл

Хэвлэлийн бага хурал

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Тус яамны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 241 дуудлага ирсний 37 нь гадаадаас иржээ. АНУ, Франц, Турк, Энэтхэг улсаас 10 хүн холбогдож коронавирусийн талаар зөвлөгөө мэдээлэл авсан байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Сүүлийн үед өвчлөлийн 43-50 хувь нь шинж тэмдэггүй өвчилж байна. Хөл хорионы дэглэмийг сулруулснаар ямар болдгийг Ухань хотын жишээ харуулж байна. Мөн БНСУ-д нэг иргэнээс болж 62 хүн өвчлөөд байна. Иймээс бид огтхон ч тайвширч болохгүй, амны хаалтаа тогтмол зүүх хэрэгтэй. Иргэдээс гадуур амны хаалтгүй хүмүүс явж байна гэсэн гомдол мэдээлэл ирж байна.

Манай улсын хувьд нийт 42 тохиолдол бүртгэгдсэнээс 14 хүн эдгэж, дараагийн хяналтад орсон. 28 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал хэвийн байна.

Монголд нийт 986 хүн ажиглалтад байна. Өчигдөр 15 галт тэргэнд 4800 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Зоонозийн үндэсний төвөөс Гуанжоу-УБ, Бээжин-УБ чиглэлийн хоёр онгоцонд нийт 5 тонн ачааг ариутгалд оруулжээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-өөс нэг хүн эдгэрч, хяналт руу орсноор 15 хүн эдгэлээ. Дахин хоёр хүн эдгэх магадлалтай байна. Дараагийн шатны давтан шинжилгээгээр коронавирус илрэхгүй бол ажиглалтаас гаргана. Нийт 80 хүнд хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30, тандалт судалгааны зорилгоор 20, Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолооч нараас коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар 102 хүн ажиглалтад байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.БУЯНЖАРГАЛ:

-Нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш 6235 иргэн ажиглалтад орж, оношийг үгүйсгэсэн байна. Эдгээр иргэдийг амралт сувиллын газар болон зочид буудалд тусгаарлаж байна. Улсын хэмжээнд хорт хавдартай зургаан хүн ажиглалтад байна. Мөн тав хүртэлх насны 49 хүүхэд байна. Орон нутгийн эмнэлгүүд шаардлагатай тусламж үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт гурван хүн эмчлүүлж байна. Хавдартай болон мэс засалд орсон гурван иргэнээс коронавирус илрээгүй. Нийт 141 эмч мэргэжилтэн хамт тусгаарлагдаж байна. Өнөөдрийн байдлаар гэрийн тусгаарлалтад 450 иргэн байна. Нийт 110 өрхийн эрүүл мэндийн төв эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Эрчимт эмчилгээний тасгийн эмч мэргэжилтнүүдийн тоог нэмэгдүүлэхэд анхаарч байна. Аймгуудад эрүүл мэндийн нэгдсэн газар бүсийн оношилгоо эмчилгээний төвүүд бэлэн байдлыг хангаж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нэмэлтээр зөвлөгөө тусламж үзүүлж байна. Аймгууд талбай, цардмал замаа халдваргүйжүүлэх ажлыг эрчимжүүлж байна. Бид гурван удаагийн нислэгээр ОХУ дахь сонсогчдыг авчрах, Турк дэх иргэдээ авчрах ажлыг зохион байгуулж байна. Дараагийн шатанд Энэтхэг улсаас иргэдээ татахаар төлөвлөж байна. Бэлтгэлд Орхон, Сэлэнгэ аймаг бэлтгэлээ хангаж байна. Халдвар тархаж, хүндрэл гарсан нөхцөлд амьсгал дэмжих эм эмнэлгийн хэрэгсэл, шинж тэмдгийг яаж эмчлэх вэ гэдгийг тооцоолж, хангалт нөөцөө бэлтгэсэн. Эмнэлгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмж татан авах ажлаа зохион байгуулж байна.

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.12-НЫ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.12-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, May 11, 2020

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.