Гар угаах хэвшил нь Монголд коронавирусээс гадна бусад халдвараас сэргийлэхэд нөлөөлж байна

2020-05-11 Мэдээ мэдээлэл
Монголд хүүхдүүдийн дунд түгээмэл байдаг гэдэсний халдварт өвчний тохиолдол 55.5 хувь буурч, амьсгалын замын өвчний тархац мөн багасав. Энэ нь гараа тогтмол угаасны ач гэж эцэг эхчүүд, мэргэжилтнүүд үзэж байна. Цар тахлын үед дадсан энэхүү зуршлыг амьдралынхаа туршид хэвшүүлээсэй гэж тэд хүсэж байна.

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМ, МОНГОЛ УЛС- Пүрэвжавын Жавзандуламын гэрт угаалгын өрөөнөөс хүүхдүүдийн шуугиантай зэрэгцэн ус гоожих чимээ сонстоно.

Дөрвөн хүүхдийн ээж Жавзандулам сүүлийн хэдэн сард хүүхдүүдийнхээ гарыг өдөрт илүү олон удаа угаалгадаг болсон тухайгаа хэлэв.

Тэрбээр шинэ төрлийн коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийг дагаж буй нь энэ аж.

“Өмнө нь өглөө, оройдоо л бид гараа угаадаг байсан бол одоо гэр бүлийн бүх гишүүд өдөрт таваас доошгүй удаа гараа угаадаг болсон” гэв.

Гар угаах зөвлөмжийг дагасан нь тэдний гэр бүлд үр дүнгээ өгчээ. Өвлийн улиралд хүүхдүүд нь ханиад, томуу тусах нь элбэг байдаг байсан бол одоогоор тэдний гэр бүл коронавирус (КОВИД-19), энгийн ханиад, томуу, гэдэсний халдварт өвчлөл алийг нь тусаагүй байна.

“Өмнө нь ээлж дараалан өвддөг байсан хүүхдүүд маань энэ өвөл огтхон ч өвдөөгүй” гэж тэрбээр хэлэв. Түүнтэй ижил бодолтой хүмүүс олон байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Үндэсний статистикийн хорооны хийсэн судалгаанаас харахад хүүхдүүдийн дунд өргөн тархдаг гэдэсний халдварт өвчний тохиолдол өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад Монгол даяар 2020 оны эхний улиралд 55.5 хувь буурсан үзүүлэлттэй байна. Халдвар дамжих гол суваг нь бохир гар байдаг аж.

“Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг иргэд дагаж, өдөр тутамдаа хэвшил болгож байна. Ингэснээр амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчлөл буурахад нөлөөлж байна” гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн их эмч, Эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа хэлэв. Тэрбээр “Монгол Улсын хэрэгжүүлж буй арга хэмжээ коронавирусийн халдварын тархалтаас сэргийлэхэд ч мөн үр дүнтэй байна.

Хөрш зэргэлдээ БНХАУ-д коронавирус хурдтай тархаж, цаашлаад дэлхий даяар түгэх үед Монгол Улсын Засгийн газар нэгдүгээр сард өргөн хүрээг хамарсан хөл хорио тогтоон эрт арга хэмжээ авсан анхны улсуудын нэг болсон.

Засгийн газрын зүгээс амны хаалт зүүж, гараа угаахыг сануулсан мессежийг иргэдийн гар утас руу өдөр бүр илгээж байв. Мөн телевизийн бүх сувгаар дээрх санамжийг тогтмол өргөн нэвтрүүлсэн. Дөрөвдүгээр сарын 9-ний байдлаар манай улсад коронавирусын 42 тохиолдол бүртгэгдээд байна. Коронавирусийн улмаас нас барсан хүн одоогоор байхгүй” гэдгийг тодрууллаа.

Мөн хүүхдүүд нь одоо гараа тогтмол угааж, гар ариутгагч ашиглаж хэвшсэн тухай гурван хүүхдийн ээж Лхагвадоржийн Хулан хэлэв. Тэрбээр “Гараа угаах хэвшил нь энгийн хэрнээ элдэв өвчнөөс сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм байна” гэлээ.

Эрүүл мэндийн ажилчид мөн энэ жил эерэг өөрчлөлт гарч буйг анзаарч, талархаж байна.

“Өнгөрсөн жилийн өдийд манай тасагт их олон өвчтөн байсан. Бид цайны завсарлага ч авах завгүй байдаг байсан” хэмээн Орхон аймаг дахь Бүсийн Оношилгоо, Эмчилгээний төвийн Халдвартын тасгийн сувилагч Лхагвасүрэнгийн Үл-Олдох хэлэв. Түүний тодруулж буйгаар “Цар тахлын үед ч эмнэлгүүд ачаалалгүй байна. Энэ жил ачаалал багатай, тайван байна” гэв.

Коронавирусийн аюул намжсаны дараа ч иргэд хэвшсэн дадлаа насан туршдаа дагана гэж найдаж буйгаа Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын халдварт өвчний тандалт, сэргийлэлт хариуцсан мэргэжилтэн Баянаагийн Билгүүнээ илэрхийлсэн юм. Тэрбээр “Хэрэв иргэд цаашид эдгээр дадлаа өдөр тутмын амьдралдаа хэвшүүлбэл тэд амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчнөөс сэргийлж чадна” гэлээ.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.