ЭМЯ: Одоогоор 28 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна

2020-05-11 Мэдээ мэдээлэл

 

 

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Сүүлийн 24 цагийн дотор дэлхий дахинд 76 мянган хүн шинээр COVID-19 халдвар авч, 3,000 гаруй хүн уг өвчний улмаас нас баржээ. Манай улсын хувьд гаднаас зөөвөрлөгдсөн 42 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 14 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Одоогоор 28 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 986 хүн ажиглалтад байгаа бөгөөд ажиглалтын байранд 26 резидент нэг их эмч ажиллан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна гэв.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өчигдөр Төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч нар 15 чиглэлийн галт тэргэнд ажиллаж 4,800 гаруй зорчигчид хяналт тавихад коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Мөн ЗӨСҮТ-ийн баг өчигдөр Бээжин-Улаанбаатар чиглэлийн ачааны онгоцонд хоёр тонн ачаа, гурван машин эцсийн халдваргүйтгэл хийж гүйцэтгэжээ.

Харин шуурхай 24 цагийн 119 дугаарын утсанд нийт 166 хүн холбогдож зөвлөгөө авсан. Мөн “Шуурхай 119” аппликэйшнээр дамжуулж АНУ, Швед, ОХУ,  Филиппинээс  манай  улсын долоон иргэн холбогдож зөвлөмж авжээ. Тус утсанд гуравдугаар сарын 10-наас хойш 28 улсаас нийт 322 монгол иргэн холбогдож уг өвчний талаар зөвлөгөө авсан байна. Энэ хугацаанд мөн гадаадад байгаа монголчуудаас 30 иргэн COVID-19 халдвар авсан. Үүнээс одоогоор 13 хүн эдгэрсэн бол бусад нь гэрийн тусгаарлалтад байна” гэлээ.

Мэдээллийн үеэр тусгаарлагдсан сэжигтэй тохиолдол бий эсэх болон тусгаарлагдсан иргэдийн давтан шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа зарлав.

Тэрбээр “Тавдугаар сарын 10-нд Монгол Улсад сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр ХӨСҮТ-ийн Вируслогийн лаборатори болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 107 хүнд шинжилгээ хийхэд бүгд СӨРӨГ буюу шинэ коронавирусийн халдваргүй гарсан. Тодруулбал, эдгээр ажиглах байруудад тусгаарлагдсан нийт 82 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн Дархан-Уул аймгийн салбар лабораторид  Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Харин ХӨСҮТ-д 107 хүн ажиглалт, тусгаарлалтад байна.

Мөн одоогоор ХӨСҮТ-д эмчлэгдэж буй 28 тохиолдлын биеийн байдал тогтвортой, дунд, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Дөрөвдүгээр сарын 30-нд ирсэн Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр ирсэн хүмүүст хоёр удаагийн давтан шинжилгээ хийсэн. Зарим тохиолдолд нь гурван удаагийн шинжилгээ хийлээ.

Энэ долоо хоногт Франкфурт, Сөүлээс ирсэн хүмүүсийн давтан шинжилгээг үргэлжлүүлэн хийнэ” гэв.

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.11-НИЙ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.11-НИЙ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Sunday, May 10, 2020

 

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.