Д.Нямхүү: Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 42 боллоо

2020-05-8 Мэдээ мэдээлэл

 

 

 

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн тархалт дэлхийд болоод манай улсад ямар байгаа талаарх мэдээллийг хүргэж байна. Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд COVID-19 халдвараар 3.9 сая хүн өвчилж, 270 мянган хүн нас барж, 1.3 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Харин манай улсын хувьд 987 хүн ажиглалтад байгаа аж. Өчигдөр 72 хүн холбогдох байгууллагын ажигллалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн байна.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнгөрөгч 24 цагийн хугацаанд 119 дугаарын утсанд 314 дуудлага ирсэн. Гадаадын хоёр улсаас 9 дуудлага ирснээс АНУ-аас холбогдсон манай улсын нэг иргэн коронавирусийн шинжилгээ эерэг буюу халдвар авсан учраас эмчилгээний талаар зөвлөмж авлаа. Бусад хүмүүс урьдчилан сэргийлэх, эмнэлзүйн шинж тэмдгийн талаар лавласан мэдээлэл авсан.

Мөн тусгай дугаарт хэрэглэсэн амны хаалтыг гадуур хаяж байгаа талаар гомдол ирсэн. Тиймээс иргэн бүр хэрэглэсэн амны хаалтаа мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу боож нугалаад, тагтай хогийн саванд хаяхыг зөвлөж байна” гэв.

Манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг танилцуулж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.

Тодруулбал “Өнөөдрийн сайн мэдээ нь Өмнөговь аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлоос коронавирус илрээгүй. Учир нь өчигдөр гурван лабораторид нийт 44 хүнд шинжилгээ хийгдсэн. Үүнээс хоёр нь сэжигтэй тохиолдол байсан юм.

Харин тавдугаар сарын 3-нд Франкфуртийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Тухайн хүнээс тавдугаар сарын 7-нд маш тодорхой буюу толгой өвдөх, хоолой хөндүүрлэх, нус их гарах, ядрах, дотор муухайрах, бөөлжих гэх мэт шинж тэмдгүүд илэрч, шинжилгээ авахад коронавирус илэрсэн” хэмээв.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа бусад улс оронд тус цар тахлын нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээллээ.

Тэрбээр “ОХУ-д өчигдөр 11 мянга 200 тохиолдол илэрлээ. Тохиолдлын тоогоороо манай хойт хөрш дэлхийд эхний тавдугаар байранд бичигдэж байна. Улмаар хөл хориог Москва хотод энэ сард үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ. Мөн Бразил улсад шинээр 615 нас баралт, 10.5 мянган шинэ тохиолдол илэрлээ. Халдвар эрчтэй илэрч байгаа ч удирдлагуудын зүгээс хөл хориог сулруулах санал гаргасан байна. Харин Япон улсад үндэсний хэмжээнд 95 шинэ тохиолдол, 13 нас баралт бүртгэгдсэн нь сүүлийн өдрүүдийн хамгийн бага тохиолдол боллоо. Пүрэв гарагийн байдлаар Япон улсын хэмжээнд нийт 304 иргэн хүнд явцтай байна гэж мэдээллээ.

Харин ХБНГУ болон БНСУ зэрэг халдварын тархалтын харьцангуй амжилттай хязгаарлаж чадсан улс орнуудын зүгээс COVID-19 халдварын хоёр дахь давлагаа гарч болзошгүй талаар сэрэмжлүүллээ.

ХБНГУ-д шинэ халдварын тоо буурсаар байгаа ч халдвар дахин давалгаалж болзошгүйг анхааруулсан. Харин БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс вакцин эсвэл үр дүнтэй эм гараагүй цагт энэ өвчний тархалтыг бүрэн хянах боломжгүй тул хоёр дахь давлагаа гарах нь цаг хугацааны асуудал юм гэж олон нийтэд анхааруулсан байна.

Мөн ДЭМБ-аас хийсэн шинэ тооцооллоор Африкийн улс орнууд халдварын тархалтыг хязгаарлах тогтоон барих чиглэлээр ямар нэг арга хэмжээ авахгүй бол цар тахлын эхний жилд 29-44 сая хүн халдвар авч, 83-190 мянган хүн нас барах эрсдэлтэйг анхааруулжээ” гэв.

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.08-НЫ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.08-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Thursday, May 7, 2020

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.