БНСУ-ын Засгийн газраас КОВИД-19 халдварын түргэвчилсэн оношлуур хандивлалаа

2020-05-5 Мэдээ мэдээлэл

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газраас КОВИД-19 коронавирусийн халдварын түргэвчилсэн оношлуурыг хүмүүнлэгийн тусламж болгон хандивлалаа. Оношлуурыг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Ли Ё-Хун өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгсөн юм.

Уг арга хэмжээнд КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролцов.
Эдгээр оношлуурыг хүлээн авах үеэрээ Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл КОВИД-19 коронавирүсын халдвар дэлхийн 215 улс орон, нутаг дэвсгэрийг хамарч, 3.6 сая хүн өвчилж, 251 мянган хүн нас барж, 1.1 сая хүн эдгэрч эмнэлгээс гарч, өдөрт шинээр 70-100 мянган хүн халдвар авч байгааг мэдээлэхийн зэрэгцээ коронавирусын халдварын тархалтыг тогтоох, яаралтай болон тандалт судалгаааны зорилгоор ашиглахад нэн шаардлагатай БНСУ-ын SD Biosensor үйлдвэрлэгчийн түргэвчилсэн оношлуурыг Монгол Улсад хүлээлгэн өгч байгаа нь цаг үеэ олсон нэн чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгаад талархал илэрхийлэв.

Элчин сайд Ли Ё-Хун хэлэхдээ БНСУ-ын Засгийн газраас нийт 250,000 ам.долларын өртөг бүхий оношлуурыг Монгол Улсын Засгийн газарт олгох бөгөөд эхний ээлжинд 30,000 удаагийн түргэвчилсэн оношлуурыг хүлээлгэн өгч байгаа нь дэлхий нийтэд хурдацтай тархаж буй КОВИД-19 коронавирусын халдварыг хамтдаа туулах Солонгосын ард иргэдийн сэтгэл шингэсэн дэмжлэг туслалцаа болохыг тэмдэглэн хэллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.