ЭМЯ: Шведэд нэг монгол иргэн коронавирусийн халдвар авсан

2020-05-4 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.

Энэхүү мэдээллийн эхэнд ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл “Коронавирусийн халдвар 215 оронд бүртгэгдээд байгаа. Манай улсын хувьд 1031 хүн ажиглалтад байна. Одоогоор ажиглалтын 10 байранд 2 их эмч, 10 резидэнт эмч ажиллаж байна. Өчигдрийн Франкфуртын онгоцоор ирсэн иргэдийг тусгаарлах байруудад хуваан байршуулсан. Ачааг нь ариутгаж халдваргүйжүүлсэн байгаа.

24 цагийн хугацаанд 119 утсанд 201 дуудлага ирж зөвлөмж, зөвлөгөө авлаа. Швед улсаас нэг монгол иргэн холбогдсон. Коронавирусийн шинжилгээний хариу нь эерэг гарсан тул гэртээ 14 хоног тусгаарлагдаж байгаа гээд заавар зөвлөгөө авсан.

Гараа сайтар угааж, амны хаалт зүүснээр өнгөрсөн оны энэ үетэй харьцуулвал, амьсгалын замын халдварт өвчин 13 хувиар, томуу, томуу төст өвчин 3.1 хувиар буурсан байна. Иймээс цаашдаа ч гараа сайтар угааж, амны хаалтаа зүүж, 1.5 метрийн зайнаас харьцах зөвлөмжөө үргэлжлүүлээрэй.

Коронавирусийн халдварын эсрэг улс орон бүр өөр өөрийн арга хэмжээг авч байна. Зарим орон хөл хориогоо суллаж байхад зарим нь улс чангатгаж байна. ОХУ-д сүүлийн үед шинж тэмдэггүй тохиолдол маш их илэрч байгаа тул амны хаалтаа сайн зүүхийг анхааруулсаар байна” гэв.

Мэдээллийн үеэр хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв.

Тэрбээр “2020.03.26-нд өвдөж, ХӨСҮТ-д ирсэн 2 хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжиж байна. 40 хоног эмчлэгдээд гарлаа гэсэн үг.

Нийт батлагдсан тохиолдол 40 болсон. 12 хүн эмчлэгдэн эдгэрч, дараа дараагийн шатанд шилжиж байгаа. Эмчлэгдэж байгаа 28 хүн бий. Хатгаатай хэд хэдэн хүн байна. Халуунтай өвчтөн бий. Онцолж хэлбэл, өндөр настай элэгний хор хавдартай хүн коронавирусээр өвчилж, эмчлэгдэж байна. Хамгийн их анхаарал тавин ажиллаж байна.

ХӨСҮТ болон Дарханы гээд 3 лабораторид 340 хүний шинжилгээ хийлээ. 2020.05.03-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн 274 хүнд шинжилгээ хийснээс 273 хүнд нь халдвар илрээгүй. Харин 1 хүнд нь халдвар илэрлээ.

Дарханы лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн 21 жолоочид шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. ХӨСҮТ-д 101 хүн байна” гэлээ.

Дэлхий дахинд нөхцөл байдал ямар байгаа талаар Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Ням гарагт Итали, Испани, Франц зэрэг улсад хамгийн бага нас баралт бүртгэгдлээ. Тухайлбал, Испанид 164,Францид 135, Италид 174 насм баралт бүртгэгдсэн байна. Испани улсын хувьд хөл хориогоо үе шаттай сулруулах арга хэмжээ авч байна.

Хөл хориог сулруулахын тул

-Эмнэлгээс гарах хүний тоо

-Шинэ халдварын тоо

-Эрчимт эмчилгээнд орох хүний тоо зэрэг эмнэлгийн байгууллагуудад ирэх ачааллыг нэн тэргүүнд харгалзан үзнэ гэж мэдэгдсэн байна.

Тухайлбал, эмнэлгүүдийн хувьд 10.000 хүнд ногдох эрчимт эмчилгээний орны тоогоо дунджаар 1.5-2 нэмэгдүүлэх, хүнд өвчитнийг хүлээн авах орны тоогоо 37-40 нэмэгдүүлэх шаардлага тавигдаж байна. Тус улсад 42.000 гаруй эмнэлгийн ажилтан коронавирусийн халдвар авсан нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 1/5 буюу 19 орчим хувь байна.

ДЭМБ-ын Европын бүсэд ОХУ-д халдварын тохиолдол эрчтэй нэмэгдсээр байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 10.600 гаруй тохиолдол бүртгэгдэж, нийт 134.000 давлаа.

Батлагдсан тохиолдлуулын тал шахам хувь нь эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүй байгаа талаар мэдээлжээ. Одоогийн байдлаар ОХУ-д бүртгэгдсэн нас баралт 1.280 байна.

Бразиль улсад өчигдөр 4600 шахам шинэ тохиолдол, 275 нас бралат бүртгэгдлээ. Тус улсын батлагдсан тохиолдлын тоо 101.000 давсан бол нас баралт 7.000 гаруй болжээ.

Сингапур улсад 657 тохиолдол бүртгэгдэж, нийт 18.200 болжээ. 04 сар гарснаас хойш гадаад ажилчдын дотуур байранд голомтлон тархсан халдварыг хяналтдаа авахын тулд тэдгээр ажилчдыг дотуур байранд нь хөл хорьж тусгаарлаж, шинж тэмдэг илэрсэн, эсвэл халдвар эерэг гарсан тохиолдолд тусгайлан бэлтгэсэн байруудад нүүлгэн шилжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хариу арга хэмжээ авч байна.

Япон улсад ням гарагт шинэ тохиолдол 200 бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт тохиолдол 15.000 хүрлээ. Нас баралтын хувьд 549 байгаагийн 13 нь “Daimond princess” хөлөг онгоцны зорчигчид байна.

БНСУ-д шинэ халдвар 8, нас баралт 2 бүртгэгдсэн байна. Энэ 7 хоногоос эхлэн зайнаас харилцах зарим арга хэмжээ болон хязгаарлалтын арга хэмжээг үе шаттайгаар сулруулж, цуцалж эхэлнэ гэж мэдээлжээ.

Тайланд улсад ковид 19 халдварын тархалтыг хязгаарлах үүднээс авч хэрэгжүүлсэн зарим хатуу арга хэмжээгээ сулруулж, мөн цуцалж эхэлжээ. Тухайлбал, архи согтууруулах ундаа борлуулах, үйлчлэхийг бүрэн хориглосон байсан. Эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сэргээх зохицуулалтыг хийж эхэлж байна. Эхний ээлжинд зөвхөн зочид буудалд буудалласан үйлчлүүлэгч, зочид буудлын ресторанд хоол болон согтууруулах ундаагаар үйлчлүүлж болох бөгөөд харин гадуур байгаа баар, пивоны газрууд үйлчлүүлэгчдэд захиалгыг зөвхөн авч явахаар бэлтгэн өгөх юм.

Мөн нийтийн хоолны газрууд болон ресторанууд хоолыг авч явахаар бэлтгэж өгнө. Дотроо суулгаж үйлчлэхгүй гэж мэдэгджээ.

Үсчний газруудын хувьд цагийг урьдчилан тохирсны үндсэн дээр цөөн тооны хүнд үйлчлэх гэнэ. Кино театр, зоо парк, усан сан, спорт заал, гоо сайхны салон зэрэг өндөр эрсдэлтэй үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг хорилосон хэвээр байна” гэлээ.

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.04-НИЙ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.04-НИЙ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Sunday, May 3, 2020

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.