Видео: Чартер нислэгээр ирсэн 5 хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн, тусгаарласан

2020-05-1 Мэдээ мэдээлэл

 

 

 

Эрүүл мэндийн яам covid-19 цар тахлын дэгдэлттэй холбоотой цаг үеийн мэдээллээ хийж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжтай холбоотой зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа нээж байгаатай холбоотойгоор ЭМЯ зөвлөмж гаргасан байна. Иймээс тухайн зөвлөмжийн дагаж, ажиллахыг уриалж байгаа аж. ЭМЯ-ны 24 цагийн ажиллагаатай 199 дугаарт 164 хүн холбогдсон БНСУ, АНУ, Чех улсад буй иргэдийн ар гэр нь холбогдож, эмнэл зүйн шинж тэмдгийн талаар тодруулга авсан байна. Иргэдийн зүгээс бага насны хүүхдийг гадуур олноор нь дагуулж явж байгаа талаар гомдол ирсэн аж. Иймээс  ЭМЯ бага насны хүүхдийг гадуур дагуулж явуулахгүй байх, зайлшгүй дагуулж явах бол амны хаалт зүүлгэхийг зөвлөж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Чартерийн онгоцоор ирж буй бүх хүнийг шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьж байна. Гэхдээ Европын орнууд өөрсдийнхөө хүмүүсийг шинжилж чадахгүй байгаа нөхцөлд гадаад иргэдээс шинжилгээ авч чадахгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Иймээс Европоос ирсэн хүмүүс хамгийн эрсдэлтэй тул ард иргэдийг сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулж байна.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү шинэ коронавирусийн шинжилгээний хариуг танилцууллаа.

Тэрбээр “Өчигдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Дархан-Уул аймгийн болон ХӨСҮТ-ийн лабораторид 217 сорьцод шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Үүнд дараах иргэд хамрагдсан.

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээ
  • Тандалтын 74 хүн /Үүнд Дундговь, Төв аймаг, нийслэлийн төв эмнэлгүүдээс цуглуулсан сорьц багтсан/
  • Дархан-Уул аймгийн лабораторид ОХУ-аас Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн 21 жолооч, ажиглалтад тусгаарлагдаж байсан 99 хүнд давтан шинжилгээ хийлээ.

Өчигдөр эхний чартер нислэгээр ирсэн иргэдийг хүлээн авлаа. Эдгээрээс таван хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан. Өчигдөр ирсэн хүмүүсийг орой болтол байранд нь оруулах ажиллагаа явагдсан. Өнөөдөр эхний шинжилгээгээ хийж эхэлнэ. Бидний хувьд аюул өнгөрөөгүй байна.

Франкфуртийн онгоцоор ирэх иргэд хүнд байх болно гэж тооцоолж байгаа, онцгой анхаарал тавьж ажиллана.

Тодорхой хугацаа өнгөрөхөөр бид тайвшрах ёсгүй, бие биедээ хатуу шаардлага тавьснаар Монгол Улсыг аварч байгаа юм.

Маскаа зүүх, нимгэн даавуун бээлий өмсөх, гараа сайн угаах, хоол ундаа сайн болгож хэрэглэхийг зөвлөе. Халуун цай, шөл уух нь бидний давуу тал. Энэ нь амьсгалын замын бактерийг уушги руу биш ходоод руу аваад орчихдог.

Таны эрүүл мэнд таны гарт байгаа. Халдварыг дотроо алдчихаагүй тул сайн сайн хичээх хэрэгтэй.

Хэдий олон дахин өгч байгаа ч уйдахын аргагүй зөвлөмж юм. Тэвчээр, хатуужилтай байж цаг хугацааг даван туулна. Бие биенээ хянаж, хатуу шаардлага тавьснаар цаг хугацаа болон коронавирусийг ялна” гэсэн мэдээллийг өглөө.

Эрүүл мэндийн яамны Шинжлэх ухаан технилогийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн дэлхий дахин сүүлийн үед коронавирусийн талаарх судалгаа шинжилгээг хэрхэн хийж байгаа талаар танилцууллаа.

Тэрбээр “Дэлхий дахинаа коронавирусийн халдвартай холбоотой судалгаа, шинжилгээний ажлууд хийгдсээр байна.

04 сарын 30-ны байдлаар дэлхийн нэр хүнд бүхий сэтгүүлүүдэд коронавирусийн халдвартай холбоотой нийт 11.225 эрдэм шинжилгээний судалгааны өгүүлэл хэвлэгдсэн байна. Үүнээс 83 судалгааны өгүүлэл нь вакцин, шинэ эм үйлдвэрлэх эмнэлзүйн туршилтын ажил байна.

Ковид 19 талаарх хэвлэгдэж буй судалгаа, шинжилгээний тоо 2 дахин нэмэгдсэн байна. Дэлхийд 10 төрлийн эм эмчилгээний аргыг туршиж байна.

Тухайлбал, уушгины өвчин болон вирусийн эсрэг үйлчилгээтэй эмийг Англи улсад ковид 19-ийн халдвар авсан өвчитнүүдэд эмнэлзүйн туршилт хийх судалгаа эхлүүлэх ёс зүйн зөвшөөрлийг олгожээ.

Япон улсад бүтээсэн томуу, томуу төст өвчний үед хэрэглэдэг эмийг Хятадад эмнэлзүйн туршилт судалгаа хийж ковид 19-ийн эсрэг үр дүнтэй болохыг эрдэмтэд тогтоожээ. Уг эмийг Япон улс төдийгүй Хятад, АНУ-ын эрдэмтдийн баг эмнэлзүйн туршилт хийж, үр дүнтэй байгаа талаар тэмдэглэж мэдээлсээр байна.

ОХУ-ын Саарс өвчнийг эмчлэх патент авсан томуугийн эсрэг гаж нөлөө багатай эмийг Хятадад эмнэлзүйн туршилтад оруулж, судалгааны үр дүн гарлаа.

Вакцин шинэ эм бүтээх судалгааны ажил Хятад, АНУ, Герман, Их Британийн Умард Ирландын Нэгдсэн вант улсын эрдэм шинжилгээний байгууллага, Био технилогийн хүрээлэн, эмийн компаниулд хамтран судалгааг үргэлжлүүлж байна.

Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ажлын хэсэг байгуулан Монгол Улсад хийгдэх шинэ төрлийн коронавирусийн генийн болон танадалт, тархалт эмнэлзүйн судалгааг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий судалгааны багийг байгуулан ажиллаж байна.

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.01-НИЙ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.01-НИЙ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Thursday, April 30, 2020

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.