ЭМЯ: Тээврийн жолоочийн эхнэрээс коронавирус илэрлээ

2020-04-22 Мэдээ мэдээлэл


Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.04.22/ коронавирусийн цар тахлын талаарх дэлхий дахин болон дотоодын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Мэдээллийн эхэнд дэлхийн дахинд коронавирусийн халдварын талаар мэдээллийг өглөө. Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д 5242-оор нэмэгдэж, 53 мянга болж, 51 хүн нас барсан байна. Мөн Буриадад 163, Эрхүүд 168 тохиолдол бүртгэгджээ. Бүх бүртгэгдсэн 3000 гаруй тохиолдол нь Москва хотод бүртгэгдсэн учраас өнөөдрөөс тус хотод шинэ дэглэм тогтоож эхэлжээ.

Манай улсад ажиглалтад 1222 хүн байгаа бөгөөд шинээр 38 хүн нэмэгдэж, 43 хүн ажиглалтаас гарчээ.

Сүүлийн 24 цагийн байдлаар тусгай дугаарт 246 дуудлага ирсэн бөгөөд ОХУ, Ирландаас холбогдож мэдээлэл авсан байна. Утасны гол дуудлага нь коронавирусийн урьдчилан сэргийлэх чиглэлээр байгаа бөгөөд өсвөр насны хүүхдүүд гадаа олноороо тоглох, маск зүүхгүй байгаа талаар гомдол ирж байгаа гэв. ДЭМБ-аас цар тахал бидний өмнө байгаа учраас дэлхий даяар хамтран ажиллахгүй бол биднийг хамгийн хүнд үе хүлээж байгааг анхааруулсан байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д 5,642 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт өвчлөлийн тоо 53 мянгад хүрээд байна. 51 хүн өчигдөр нас барсан нь энэ өвчлөл гарснаас хойш тус улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм. Мөн Буриадад 163, Эрхүүд 68 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Бүх бүртгэгдсэн тохиолдлын 3,000 гаруй нь Москва хотын орчимд ногдож байгаа учир тус хотод өнөөдрөөс эхлэн шинэ дэглэмийг мөрдүүлж байгаа аж.

Үүнд, машинаар явах бол цахимаар машины дугаараа бүртгүүлэх, нийтийн тээврээр зорчих бол мөн цахимаар бүртгүүлэх, томуу төст өвчнөөр туссан бол өөрийгөө 14 хоног тусгаарлах зэрэг багтжээ.

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны зүрх, судасны мэргэжилтэн дүгнэхдээ, даралт ихсэх зүрхний архаг өвчтэй хүмүүс COVID-19 халдвар авсан бол хүндэрч, амь нас эрсдэх магадлал өндөр байгаа гэж анхааруулжээ.

Мөн үйлчилгээний газрууд кофе, цайгаар үйлчлэхгүй байх болоод хүн бүрийг өөр, өөр өрөөнд үйлчилгээ үзүүлэх, иргэд 20 минутын зайтай үйлчлүүлэх гэх зөвлөмж өгч байгаа аж.

Манай улсын хувьд ажиглалтад 1,228 хүн байгаа бөгөөд өчигдөр шинээр 38 хүн ажиглалтад нэмэгдэж, 43 хүн ажиглалтаас гарсан. 24 цагийн 119 утсанд 226 дуудлага ирсэн.

Тус утсаар Ирланд, ОХУ-аас манай иргэд холбогдож, энэ өвчний талаар мэдээлэл авжээ.

Түүнчлэн нийт дуудлагын 70 хувь нь бага насны, өсвөр насны хүүхдүүдийг амны хаалтгүй явж байгаа талаар мэдээлсэн байна. Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдүүдийг гадаа тоглуулахгүй, амны хаалтыг зүүлгэж байх шаардлагатайг анхааруулж байна” гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Хоёр лабораторид 330 хүний шинжилгээ хийсэн бөгөөд коронавирус илрээгүй. Мөн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргээс уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсээс сорьц авч, тандалт хийж байна. Ингээд 25 шинжилгээ хийж үзэхэд коронавирус илрээгүй. Дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн тохиолдтой хамт байсан гэр бүлийн хүнээс давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн коронавирустэй нь тогтоогдсон тээврийн жолоочтой хамт явсан жолоочийн эхнэрээс давтан шинжилгээгээр коронавирусийн 35 дах тохиолдол илэрлээ. Ингэснээр Монголд 35 тохиолдол илэрч, найм нь эдгэрсэн бөгөөд бусад нь эмчлэгдэж байна” хэмээн тодруулав.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Коронавирусийн халдварын 34, 35 дахь тохиолдол ОХУ руу тээвэр хийдэг жолооч нар. Гэр бүлийн хүмүүс бөгөөд эхнэртэйгээ хамт олон улсын тээвэрт явж байжээ. Энэ хүний хавьтал 49 хүнийг тогтоосон. Сэлэнгэ аймгаас хавьтал болох 12 хүний шинжилгээний хариу ирж байгаа. Замын-Үүдээс мөн шинжилгээний хариу ирнэ. Ойрын хавьтал бөгөөд Улаанбаатарт ирсэн 24 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан.

Энэ жолооч тусгаарлагдаж байсан. 16-ны өдөр Алтанбулагийн боомтоор 32 машин ирснээс 21 нь орос хүн учир ачаагаа буулгаад буцсан. Жолооч нарыг замдаа зогсох, уулзахаас сэргийлэх хоёр талдаа цагдаагийн хяналтын дор Улаанбаатарт оруулж ирсэн” гэв.

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.22-НЫ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.22-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Tuesday, April 21, 2020

 

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.