Д.САРАНГЭРЭЛ: Хүн бүрээс хамаарах үе ирлээ

2020-04-11 Мэдээ мэдээлэл

 

ДЭМБ-аас амны хаалт, лабораторийн эм бодис, урвалж, оношлуур, хамгаалах хувцас зэргийг Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод шалтгаан үл мэдэгдэх уушгины хатгаа өвчин гарсан гэдгийг ДЭМБ дэлхийн нийтэд зарласан. Улмаар нэгдүгээр сарын 3-ны өдөр гишүүн орны хувьд манай улсад энэ өвчлөлийн талаар мэдээлсэн. Үүнээс хойш ДЭМБ-тай нэг ч өдөр тусдаа ажилласангүй. Байнгын хамтын ажиллагаатай байж, бүх чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Монгол Улсын Эрүүл мэндийн салбар, эмч мэргэжилтнүүд, Засгийн газар, иргэдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлж байна.

Өнөөдөр ДЭМБ-ын Монгол Улсад үзүүлж байгаа гурав удаагийн дэмжлэг юм. Эмч мэргэжилтнүүдийг хамгаалахад чиглэсэн найман төрлийн 80 гаруй мянган долларын өртөгтэй хамгийн чухал зүйлийг өгч байна. Өнөөдөр дэлхийн 1.6 сая хүн халдвар авч, 102 мянган хүн амиа алдсан байна. Энэ цаг үед бидэнтэй хамт байгаад талархахгүй байх аргагүй байна. Эх орондоо байгаа Монгол иргэдээс халдвар авсан иргэн одоогийн байдлаар байхгүй. Гаднаас зөөвөрлөгдөн ирсэн 16 иргэний дөрвийг нь эмчлээд гаргасан. Өвчин дахиж байгаа гэдэг асуудал яригдаж байгаа учраас тусгаарлалтад авч, гурван удаагийн хяналт шалгалт хийнэ. Хүн бүрээс хамаарах үе ирлээ. Хүн бүрийн оролцоо хамгийн чухал болж байна. Хайртай хүмүүсээ аюулт өвчнөөс хамгаалах үе бүрдэнэ.

Сангийн сайд Дэлхийн банкны суурин төлөөлөгчийн хамт 26.9 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлд гарын үсэг зурсан. Энэ нь эрүүл мэндийн салбарт зориулагдах юм.

Хамгийн гол нь иргэд хариуцлагатай байж чадсанаар халдвар авах хүнийхээ тоог нэмэгдүүлэхгүй байж чадна. Зарим оронд гэрийнх нь гадна буутай цэрэг армийн хүмүүс зогсож, гадуур ч гарах эрхгүй болох эрсдэл бий. Бид өнөөдөр харьцангуй чөлөөтэй байгаа шүү. Хамтдаа хичээх хэрэгтэй байна” гэлээ.

Б.Лхам

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.