Ц.Баатархүү: Хоёрдугаар шатны санхүүжилт гэж байхгүй

2020-04-13 Нам хөдөлгөөний амьдрал

 

 

 

 АН-аас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв. 

Ц.Баатархүү “АН-д ажиллаж байсан, тэмцэж явсан, энэ намаас гарч өөр нам байгуулсан гээд Ардчилсан үзэл санаатай хүн бүрийг УИХ-ын сонгуульд хамтарч ажиллах урилга, уриалгыг гаргаж байна. Хамтарна гэдэг нь эвсэнэ гэсэн үг биш. Харин АН-аас сонгуульд нэр дэвшиж,  хэт олонх болсон хяналтгүй эрх баригчдын хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилготой юм. Цаашлаад ялалт байгуулж, Ардчиллын тугийг мандуулах уриалгыг хүргүүлж байна” гэлээ. Мөн тэрбээр 1996 онд АН анх удаа сонгуульд ялалт байгуулж байсан болон 5 хуваагдан сонгуульд орсноор хэрхэн ялагдал хүлээсэн талаар жишээ татан тайлбарласан. Иймээс 2020 оныг эв нэгдлийг эрхэмлэх зориолгоор 2020 оны Сонгуульд оролцох шийдвэрийг Үндэсний бодлогын хорооны 04 сарын 09-ний хурлаар шийдвэрлэсэн байна. Улс төрийн намуудыг санхүүжилтээ шилэн болгох уриалга гаргаж байгаагаа ч энэ үеэр онцолсон. Үндэсний аудитын газраас сонгуульд оролцох зардлын хэмжээг баталсан.

Тухайлбал,  Чингэлтэй дүүрэг 106.000 сонгогчтой. Сонгуулиар  44 санал авах байр, 176 тээврийн хэрэгсэл хуулийн хүрээнд ажиллуулна. Сурталчилгааны самбар, 264 байр ажиллуулна. Үүнд үндэслээд аудитын байгууллага зардлын хэмжээг баталсан гэдгийг тэрбээр онцлов.

Үүний дараа  тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-АН сонгуульд нэр дэвшигчдээс 100 сая төгрөгийн дэнчин шаардсан. Хичнээн хүн 100 сая төгрөгөө тушаасан бэ?

-Хэвлэл мэдээллээр гараад байгаа шиг 100 сая төгрөгөө тушаасан жагсаалт худлаа. Эхнээсээ хууль хяналтын байгууллагад хаанадаж байгаа.

-Гэтэл нэмж 2 дугаар шатны санхүүжилтийг нэхсэн талаар танай намын гишүүд мэдээллэх боллоо. Энэ талаар албан ёсны тайлбар хийхгүй юу?

-Хоёр дахь шатны гэрээ гэж намын ҮБХ-гоор батлагдсан зүйл байхгүй. Улс төрийн намын тухай хуулийн 18 дугаар зүйлд заасанчлан улс төрийн нам өөрийнхөө дүрмээр татвар, хандив тогтоож байгаа. Энэ хуулийн хүрээнд ҮБХ татварын хэмжээг тогтоосон. Татвараар авсан мөнгөөр сонгуулийн бэлтгэл ажлын зардлыг санхүүжүүлдэг.

-100 сая төгрөг авч байгаа нь сонгуулийн бэлтгэл ажлын зардал гэсэн үг үү?

-Манай намын санхүүжилт шилэн. ҮБХ-ны гишүүдийн олонхийн шийдвэрээр гаргасан татвар нь хэсэг бүлэг бизнесийн бүлгээс ангид байх, мөнгөнөөс хараат бус байхын тулд тогтоосон зүйл. ҮБХ-ны хурлаар татварыг жигд тогтоосон. Энэ татвараар орж ирсэн мөнгөөр сонгуулийн бэлтгэл ажлыг санхүүжүүлж байгаа.

-Тэгвэл энэ 100 сая төгрөгийг ямар үндэслэлээр тогтоосон бэ?

-Сонгуулийн зардлыг аудитын байгууллагаас гаргасан. Жишээ нь, Чингэлтэй дүүрэгт  586 сая төгрөг зарцуулна гээд Үндэсний аудитын байгууллага баталсан. Харин улс төрийн намууд, тэр дундаа эрх баригчид санхүүжилтээ ил гаргахгүй байгаа нь хардлага дагуулж байна. Манай нам ил гаргаж тавьсанаар олны хэл амны бай болж байгаа юм.

-Намынхаа гишүүдэд хандан урилга, уриалга гаргаж байна гэлээ. Намынхаа лидерүүдтэй үл ойлгоцол үүссэнтэй холбоотой гишүүддээ хандсан зааллага гэж ойлгож болох уу?

-АН энэ удаагийн сонгуулиар хүчээ нэгтгэн орж, эрх баригчдын дураараа, хуулийг үл хайхран, ЖДҮ, концесс авч байгаа байдлыг таслан зогсоох зорилготой. Хуулийг гууль болгосон эрх баригчдын эсрэг үл ойлголцол бий бол ойлголцоод АН-ыг тугаа болгоё гэж байгаа юм.

-ҮБХ-ны хорооны гишүүдийн хэд нь 100 сая төгрөгөө  өгөх чадалтай вэ. Орон нутгийн гишүүд ч мөн ийм хэмжээний бэнчинтэй гэсэн үг үү?

-ҮБХ-ны шийдвэр бол олонхийн дүрмээр явагддаг. Дэлхийн улс төрийн намууд ч сонгуульд оролцохын тулд татвар тогтоодог. Татвар цуглуулахын тулд цаг хугацаа тавьж өгдөг. ҮБХ-ны бүх гишүүд мөнгө тушаах ёстой гэсэн шийдвэр гараагүй. Сонгуульд оролцох хүсүүс татвар төлнө. Ингэхдээ тэр мөнгөнийхөө эх үүсвэрийг тодорхой гаргана. Улмаар Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хуульд заасанчлан нэр дэвшигчдийн мөнгийг нэг дансанд төвлөрүүлнэ. АН хуулийн заалтыг биелүүлж байгаа.

-Хоёр дахь шатны санхүүжилт гэж байхгүй. Нууц гэрээ гэж байхгүй гэж ойлголоо зөв үү?

-Хоёр дахь шатны санхүүжилт гэж худлаа. Энэ бол улстөржсөн яриа.

-Танай намын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ энэ талаар мэдээлэл хийсэн шүү дээ. Тэгэхээр энэ хүн худлаа хэлсэн болж таарч байна уу?

-Манай намын гишүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг. Хэрэв Д.Мөнх-Эрдэнэд санал гомдол байгаа бол дүрмийн хороонд асуудлаа тавьж,  хэлэлцүүлж шийдвэрүүлэнэ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.