МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дуусчээ. Энэ удаагийн хуралдааны гол зорилго нь хоёр сарын дараа болох УИХ-ын сонгуульд тус намын мөрийн хөтөлбөр аудитаар ороод тэнцээгүй, засвар хийх даалгавар авсантай холбоотой байсан юм. Тодруулбал, Үндэсний аудитын газраас МАН-ын 2020 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийг хуулийн зөрчилтэй хэмээн үзсэн. Холбогдох хууль журмын дагуу тав хоногийн дотор мөрийн хөтөлбөрийнхөө хуулийн зөрчилтэй гэж үзсэн хэсгүүдэд засвар хийж, дахин хүргүүлэх учиртай. Тиймээс олонхийн саналаар мөрийн хөтөлбөрийнхөө зургаан зүйл заалтыг өөрчилж, тогтоол баталсан байна. Мөн Удирдах зөвлөлийн гишүүнээс О.Содбилэг, Ц.Бат-Энх нарыг хасч, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Н.Учрал нарыг шинээр нэмж томилжээ.
Мөн тус хуралдаанаар нэр бүхий гишүүдтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байна. Учир нь Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг ЖДҮХС-аас зээл авсантай холбогдох хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар тэдний асуудлыг авч хэлэлцсэн байна. Энэ үеэр МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг өөрсдийн хүсэлтээр гишүүнийхээ бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ өг гэжээ. Зүй нь прокуророос оруулж ирсэн саналыг УИХ 72 цагийн дотор хэлэлцэх хуультай. Гэвч УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нар чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхгүй гэдгээ тус хурлын үеэр илэрхийлсэн хэмээсэн мэдээтэй байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30411
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.