Шууд-ЭМЯ: Замын-Үүдэд өчигдөр коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол илэрлээ

2020-04-9 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлаа хийж байна.

Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар 212 улс, бүс нутагт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 1.5 сая хүн өвчилж, 339.731 нь эдгэрсэн байна.

АНУ, Итали, Герман, Франц, Испани, Турк, Их Британи улсад халдварын тархалт өндөр хэвээр байна. Хятад улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 61 тохиолдол шинээр бүртгэгдсэн.

Манай улсын хувьд 16 тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдаж, 4 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарч, сувилалд хяналтад байна.

ХӨСҮТ-д өнөөдөр 12 хүн эмчлүүлж байна. Ажиглалтад 1572 хүн байна. Өчигдөр ажиглалтаас 194 хүн гарсан. Тусгаарлах байранд 312 эмч, эмнэлгийн ажилтан тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

Өчигдөр Сөүл-Улаанбаатарын нислэгээр 257 зорчигч ирсэн. Тэдний дунд өндөр настан 52, эрүүл мэндийн шалтгаантай 43, жирэмсэн 5, бага насны хүүхэдтэй 49 иргэн ирсэн. Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Жаргалант зэрэг газруудад тусгаарласан.

Өчигдөр ДЭМБ-ын ээлжит хэвлэлийн хурал болсон. Хурлаар дэлхий дахин шинэ төрлийн коронавирустай нүүр тулаад 100 хоног болж байна. Шинэ төрлийн вирус учраас хэзээ зогсох, цаашид хэрхэн тархах талаар урьдчилан таамаглаж хэлэхэд хэцүү байна. Гол нь улс орнууд эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Эв нэгдэлтэй байснаар энэ өвчнийг даван туулна. Эс бөгөөс тэр цоорхойгоор вирус орж ирж тархах болно гэж онцлон тэмдэглсэн байна” гэлээ.

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.09-НИЙ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.09-НИЙ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, April 8, 2020

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа. Тэрбээр “2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд сэжигтэй тохиолдол тусгаарлагдлаа. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан байсан есөн хүнээс коронавирус илрээгүй.

Мөн тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн 28 хүнээс коронавирус илрээгүй.

Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 83 хүнд тандалт шинжилгээ хийж байна.

Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-д авчирч эмчилгээнд орууллаа. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 15 хүнийг шинжилгээ, хяналтад оруулсан.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 205 хүн тусгаарлагдан, хянагдаж байна” гэсэн мэдээллийг өглөө.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.