Ивермектин агуулсан малын эмийн гаж нөлөөг судална

2017-05-5 Мэдээ, мэдээлэл

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2017 оныг антибиотикийн эмийг болгоомжтой, зөв зохистой хэрэглэх, мэдлэг, хандлагыг сайжруулах хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна. Мөн антибиотик тэсвэртэй нянгийн халдвар өссөн нэмэгдэж байгаатай холбогдуулан уг асуудлыг шийдвэрлэх арга хэмжээний төлөвлөгөөг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамтай хамтран боловсруулж байна. Иймд тус төлөвлөгөөг хэрэгжүүлэх нөхцөлийг хангах үүднээс зарим нэрийн антибиотикийн улсын бүртгэл, хэрэглээнд зохицуулалт хийх талаарх асуудлыг 2017 оны ээлжит I хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэв.

Тодруулбал,  Малын эмийн сангуудаар худалдаалагдаж буй антибиотикийн эмийг зөвхөн жороор олгож байх асуудлыг сурталчлах, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэрэгжилтийг хангуулах. Антибиотикийн зохистой хэрэглээг нийтэд таниулах чиглэлээр сурталчлах, сургалт зохион байгуулахаар болов. Мөн эмийн гол үйлчлэгч бодис нь ивермектин (Ivermectin)  агуулсан малын эмийг 2017 оны 05 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн шинээр улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг 2 жилийн хугацаатай түр зогсоож, Ивермектин (Ivermectin) агуулсан эмийг хэрэглээ, гаж нөлөө, үлдэгдлийн асуудлаар судалгааны ажил хийх, үр дүнд үндэслэн эрсдлийг тооцох, мэдээлэх шийдвэрийг гаргасан байна.

Ивермектин (Ivermectin) нь макролипидын бүлгийн антибиотик нь мал, амьтны гадаад болон дотоод шимэгчийн эсрэг үйлчилгээтэй эм юм. Манай улсад 2017 оны байдлаар ивермектин агуулсан 61 нэр төрлийн эм улсын бүртгэлд бүртгэлтэй байна. Эдгээрийг дотоодын малын эмийн 3 үйлдвэр үйлдвэрлэж, малын эм ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 34 аж ахуйн нэгж 8 улсаас импортолдог аж. Зах зээлд жилд дунджаар 60000л орчим ивермектин агуулсан малын эмийг үйлдвэрлэж, импортлон борлуулж байна. Энэ нь дотоодын зах зээлд илүүдэл үүсэж тус эмийн хэрэглээ хэт ихсэхэд нөлөөлж байгаа юм. Мөн тус эмийн талаарх малчдын ойлголт тааруу хандлага буруу байгаагаас эмийн зохистой хэрэглээ алдагдаж хэт удаан хугацаанд малын бие махбодид хуримтлал үүсэх, тус бодисын хэмжээ малын гаралтай түүхий эдэд хэвийн хэмжээнээс их хэмжээтэй илрэх болсон. Иймд тус эмийн хэрэглээнд зохицуулалт хийх, судалгаа шинжилгээний бодит үр дүнд үндэслэн эрсдэлийг тооцох зайлшгүй шаардлага тулгарч байна.

А.Уянга

<

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.