Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр/2020.04.01/ ээлжит мэдээллийн хурлаа хийж, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.
Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Түүний мэдээлж буйгаар тусгай үүргийн нислэгээр Сөүл, Токио хотоос Монгол Улсын иргэдийг татан авах ажиллагаа үргэлжлэн явагдаж буй. Одоогийн байдлаар Сөүлээс ирэх 251, Токиогоос ирэх 255 иргэний бүртгэл баталгаажсан байна. Харин манай улсаас Сөүл, Токио руу явах гэж буй иргэдэд шинэ мэдээлэл өгөх шаардлагатай болсон байна.
Тодруулбал, БНСУ-ын засгийн газар дэлхийн бүх улсаас ирж буй гадаад, дотоодын иргэдийг 14 хоног тусгаарлах горимд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор зөвхөн зайлшгүй шаардлагатай ажлаар БНСУ-д зорчих, байнга оршин суух эрхтэй буюу гурван сараас дээш хугацааны визтэй иргэдийг энэ нислэгүүдээр хүлээн авах боломжтойг Солонгосын тал мэдэгдсэн. Тиймээс богино хугацааны буюу буцаж ирэх нислэг нь тодорхойгүй иргэдийн хувьд хил дээр асуудал үүснэ гэдгийг ойлгох шаардлагатай байгаа юм.
Мөн тэрбээр “УОК-оос гадаад руу зорчих гэж буй эдгээр иргэдээс ойрын гурван сарын хугацаанд буцаж ирэхгүй гэх нотолгоог МИАТ компани авч билетийг нь баталгаажуулж байгаа.
Түүнчлэн Япон улсын засгийн газар ойрын хугацаанд гадаадын иргэдийг нэвтрүүлэхтэй холбоотой шинэ журам гаргахаар төлөвлөж байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор Сөүл, Токио руу үйлдэх нислэгт өөрчлөлт орох магадлалтай байна.
Эхний мэдээллээр Токио руу хийх нислэг нэг хоног наашилж 4 сарын 2-ны өдөр хийгдэх магадлалтай болсон. Баталгаажсаны дараа дахин мэдээлнэ.
Хэрвээ Токио руу хийх нислэг дөрөвдүгээр сарын 2-нд явахаар болвол тус өдөр Сөүл рүү хийгдэх байсан нислэг нэг хоногоор хойшилж, дөрөвдүгээр сарын 3-нд хийгдэнэ гэж ойлгох хэрэгтэй. Энэ нь тусгаарлагдах байр, татан авах үйл ажиллагаатай уялдан нэг хоногийн зайтай хүлээж авч буй явдал болохыг ойлгохыг хүсэж байна” гэлээ.
Мөн ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Сөүл-Улаанбаатарын нислэгээр өндөр настан, асран хамгаалагчтай 40 гаруй иргэн, эрүүл мэндийн шалтгаанаар, хөгжлийн бэрхшээлтэй 5, жирэмсэн 19, бага насны хүүхэдтэй 51, бусад 3 гэсэн байдлаар урьдчилсан мэдээ бий.
Токио-Улаанбаатарын нислэгээр өндөр настан, түүний асран хамгаалагч 30, эрүүл мэндийн шалтгаанаар 10, бага насны хүүхэдтэй 36, үүнд 0-14 насны хүүхэд 14, 0-2 насны 6 хүхүхэд, дамжин ирж байгаа 50, жирэмсэн 4, бусад 120 гэсэн бүртгэл хийгдсэн байна. Гэхдээ энэ бол урьдчилсан мэдээлэл. Энэ мэдээллийг өнөөдөр баталгаажуулна” гэлээ.
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Солонгос улсаас ирэх иргэдийн хувьд 3 сарын 15-нд бүртгүүлсэн иргэдийг авч байгаа. Өөрөөр хэлбэл, эхний онгоцны бүртгэлд бүртгүүлсэн байсан иргэдээ л авч байгаа юм.
Токиогийн хувьд өмнө нь бүртгүүлсэн болон Элчин сайдын яаманд цахимаар болон мэйлээр бүртгүүлсэн иргэдийг авчирч байгаа. Үүнд ямар нэгэн шалгуур тавигдаагүй” гэдгийг тодруулав.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.