Өчигдөр тусгаарлагдсан долоон хүний шинжилгээ сөрөг гарчээ

2020-03-31 Мэдээ мэдээлэл

Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2020.03.31/ мэдээллээр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгай үүргийн онгоцоор ирсэн болон орон нутагт тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариуг танилцууллаа.

2020 оны гуравдугаар сарын 30-нд тусгаарлагдсан долоон хүний шинжилгээ сөрөг гарчээ. Тандалтын шугамаар 12 сорьц цуглуулж шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй байна.

Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 2,310 , ХӨСҮТ-д 218 хүн тусгаарлагдаж, эмчилгээ, шинжилгээ, ажиглалтад хамрагдаад байна. Харин эдгэсэн хоёр иргэнийг тусгаарлах байранд шилжүүлэн ажиглаж байгаа.

Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын хэлж байгаагаар тусгаарлагдаж байгаа иргэдээс “Өрөө жижиг, хоол амтгүй байна, нохойны хоол өглөө, өрөөндөө дасгал хиймээр байна, цэргийн төв эмнэлэг биш, өөр эмнэлэгт тусгаарлагдмаар байна” зэргээр гомдоллож байгаа аж. Эмчийн өөдөөс варентай талхаа шидэж, мөөгтэй хоол идэхгүй хэмээн уйлах, хоорондоо хэрэлдээд, зодолдож байгаагаа зогсоомоор байгааг хэллээ.

Тэрбээр “COVID-19 бол дэлхий нийтийг хамарсан цар тахал. Өнөөдөр онгоцоор иргэнээ татаад авч байгаа улс цөөхөн. Иргэдээ 5 одтой зочид буудалд тусгаарлаж байгаа улс дэлхийд байхгүй. Эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэдтэй улс Монголоос өөр байхгүй. Монгол иргэн эмчээрээ хоолоо зөөлгөөд, өөдөөс нь талх шидэж байна.

Хэн нэгнийг уйлахаар нь, уурлахаар нь тусгаарлах хугацааг богиносгочихдог юм биш. Энэ бол ганц иргэнийг хамгаалахаас гадна Монгол Улсын бүх иргэнийг хамгаалж байгаа ажил. Дараагийн тусгай үүргийн онгоцонд суух гэж байгаа иргэд үүнийг бодож шийдвэрээ гаргаарай. Нийт иргэддээ эрүүл энх, сайн сайхныг хүсье” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.