“Хотын хөгжил-Шинжлэх ухаан, технологи” хуралд тавьсан хотын даргын илтгэлийг хүргэе

2017-05-5 Нийслэл

“Хотын хөгжил-Шинжлэх ухаан, технологи” олон улсын бага хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хотын хөгжил, хөрөнгө оруулалтын бодлого” сэдвээр илтгэл тавилаа. Уг илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Улаанбаатар хотын харилцаат, хамтын ажиллагаатай хотууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид аа,

Эрхэм Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч өө,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрэхийн ялдамд “Хотын хөгжил-шинжлэх ухаан, технологи” олон улсын бага хурлыг хамтран зохион байгуулж байгаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монголын хотуудын холбоо, Шинжлэх ухааны академийн хамт олонд гүн талархлаа илэрхийлье.

Нийслэлийн удирдлагын зүгээс хамгийн түрүүнд хотын оршин суугчдын өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд орчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан “Аз жаргалтай” амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх нь чухал бөгөөд цаашид гаргах шийдвэр, хийж буй болон хийх ажил ч энэ зүгт чиглэгдэнэ.

Энэхүү бага хуралд илтгэл тавьж, мэдлэг, мэдээллээ хуваалцахаар ирсэн  хүндэт илтгэгч нартаа “Баярлалаа” гэж хэлмээр байна. Та бүхний дэвшүүлсэн санал, санаачилгыг ажил хэрэг болгон нийслэлийн иргэд, оршин суугчдын ая тухтай амьдрах орчин нөхцөл бүрдүүлэхэд хувь нэмэр оруулна гэдэгт итгэлттэй байна.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын барим бичгийг хэрэгжүүлж дуусахад бага хугацаа үлдээд байна. Хотоо 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг боловсруулах судалгааны ажлыг бид эхлүүлээд байна. Ирээдүйн хотын маань хөгжил ямар байхыг эрдэмтэн, мэргэд, туршлагатай улсуудаас бид суралцаж, зөвлөлдсөний үндсэн дээр тодорхойлох болно.

Мэдээллийн эрин үеийн хот төлөвлөлт нь харьцангуй шинжлэх ухаанч, тогтвортой хөгжлийн суурь зарчмыг хангах ногоон технологийн шийдлээр хийгдсэн байх учиртай. Эрүүл, ногоон хот болж хөгжихийн эхний алхам бол инновацийг ашиглаж, технологийн шийдлээр байгалийн нөөцийн хэрэглээгээ бууруулах боломж юм. Хүйтэн сэрүүн уур амьсгалыг даван туулахаар туршигдсан олон технологи хөгжингүй улс оронд байна гэх мэт бид шинэ санаачилгуудыг эрэлхийлж судлан нэвтрүүлэх хэрэгтэй байна.

Шинжлэх ухаан нарийсахын хэрээр баялаг бүтээх, мэдлэг оюун, шинжлэх ухааны ололтыг олон нийтэд хүргэж, шинжлэх ухааныг түгээмэлжүүлэх, шинжлэх ухааны боловсролыг төлөвшүүлэх шинэ шинэ зорилт болон сорилтууд бидний өмнө гарч ирсээр байгаа билээ.

Дэлхийн томоохон хотууд эдгээр сорилтыг боломж болгон ашиглаж хотын хөгжлөө шинжлэх ухаан технологийн ололт дээр тулгуурлан хөгжүүлж байна.

Тиймээс бид олон улсын туршлага, эх орныхоо эрдэмтэд, судлаачдын судалгааны үр дүнд тулгуурласан бүтээлч санаачилгыг үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг зорьж “Хотын хөгжил-шинжлэх ухаан, технологи” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа юм.

Улаанбаатар хотын хувьд 10 жилийн өмнө тулгамдаж байсан асуудлууд одоо ч байсаар л байна, яригдсаар л байна. Ялангуяа хотын хүрээлэн буй орчин, оршин суугчдын амьдрах нөхцөл төдийлөн сайжраагүй. Энэ нь хүн амын төвлөрөл саарахгүй, механик өсөлтийг хотын дагуул, хаяа хотууд, бусад хотууд руу чиглүүлэх бодлого хэрэгжихгүй байгаагаас үүдэлтэй.

Нийслэл хот төдийгүй улс орныг цогцоор нь хөгжүүлэх нэг гарц бол “Өндөр технологи, Инноваци” гэдэг дээр дэлхийн олон орны удирдагчид, улстөрчид, шинжлэх ухааны зүтгэлтнүүд, бизнесийнхэн санал нэгтэй байна. Улс орны эдийн засгийн хөгжил, өрсөлдөх чадварыг өсгөх нь мэдлэгийн хэрэглээ, шинжлэх ухаан, технологийн ололт, инновацийн идэвхжилээс шууд хамаарч байна. Монгол Улс дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргасан судалгаагаар 148 орноос 106-д, инновацийн төвшнөөр 109 дүгээр байранд тус тус жагссан байна.

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд шинжлэх ухаан технологийн салбарт төрөөс баримтлах бодлого, Инновацийн тухай хуулийг шинэчлэх ажлыг эрчимжүүлж, инновацийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг онцлон тэмдэглэж байгаа билээ.

Нийслэл хот ч энэхүү шаардлагыг ухамсарлан түүхэндээ анх удаа Үйлдвэрлэл Инновацийг холбосон Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийг үүсгэн байгуулан,  инновацийн тогтолцоог бий болгох, өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх, шинжлэх ухаан технологийн ололт амжилтыг Нийслэлийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд ашиглах зэрэг бодит ажлуудыг хийж эхлүүлээд байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Үйлдвэрлэл, Инновацийг цогцоор нь хөгжүүлэх бодлого  тусгасан байгаа. Энэ бодлогын хүрээнд бид инновацийн оролцогч талуудын хамтын ажиллагааг хангасан “UB Innovation development center” /ЮБ инновашион дивэлормэнт центер/-ийг үүсгэн байгуулах ажлыг эхлүүлээд байна. Энэ нь дэлхийн бүх томоохон хотуудад байдаг Инновацийн тогтолцоог бодитоор харуулдаг “Хөгжлийн төв” юм. Энэхүү төв нь орчин үеийн анхны загвар туршилтын төв, инновацийн лаборатори, Co working space /ко воркинг спэс/ буюу дундын оффис зэрэг шинэ үеийн цогцолборуудаас бүрдэх болно.

Энэ төвийг байгуулснаар манай эрдэмтэн, судлаачдын  бүтээл туурвил амжилт, ололтууд эхний ээлжид монголынхоо тэр дундаа нийслэлийнхээ хөрсөнд буух цаашлаад гадаадын зах зээлд гарах нөхцөл боломжийг бүрдүүлнэ гэж харж байна.

Цаашлаад “Хөгжлийн төв”-ийн суурин дээр Нийслэлийн инновацийн “HUB” /хаб/-ыг бий болгож улмаар Инновацийн бүс нутаг,  дагуул хотыг үүсгэн байгуулах том зорилт бид өмнөө тавиад байна. Ингэж чадвал Шинжлэх ухаан, технологийг Нийслэлийн цаашлаад Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, амьдралын чанар, үндэсний чадамж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үндсэн хүчин зүйл болгох хамгийн анхны бодит ажил болох юм.

Олон улсын туршлага, хөгжлийн чиг хандлагаас харахад тогтвортой хөгжил нь эдийн засгийн хувьд тогтмол өсөж хөгжихдөө бус байгаль, хүрээлэн буй орчин, нийгэм соёлоо сэргээн хадгалж үлдэхтэй зэрэгцүүлэн хүний хөгжлөө дэмжихэд оршиж байна.

Иймээс ч Тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх зорилтуудад хүрэх дэлхийн хандлага нь нэг ч хүнийг орхигдуулахгүйгээр хөгжилд хөтөлж хүрэх явдал гэж тодорхойлогдсон.

Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын хувьд хотын тулгамдсан асуудлыг шийдэхэд гар бие оролцох боломж их бий, ингэснээр эргээд хотын хүн амын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой.

Жишээ нь гэр хорооллыг хөгжүүлэхээр бид шинэ үзэл баримтлалыг дэвшүүлээд байна. Гэр хорооллыг төлөвлөлтийн төв, дунд, захын 3 бүсээр хөгжүүлнэ.

-Төвийн бүсийн гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэн төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдох бололцоотой, хотын барилгажсан хэсэгтэй хил залгаа бүсийг орон сууцны хороолол, үйлчилгээний өндөр давхрын барилга, байгууламж барих,

-Инженерийн шугам сүлжээнд холбогдох боломжгүй, техник, эдийн засгийн хувьд ашиггүй бүс болох гэр хорооллын дундын бүсэд инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Дундын бүсийн гэр хороололд 200 өрхийн дунд сервис центр байгуулан нийт 20 мянга гаруй айл өрхийг инженерийн дэд бүтцээр хангах “Дэд бүтцийн төв” төсөл нь инженерийн шугам сүлжээ болох дулаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамжийн эх үүсвэрүүд нь төвийн системд холбогдохгүйгээр бие даасан эх үүсвэрээр шийдэгдсэн инженерийн хангамжийн төв байх бөгөөд энэ төвөөс айл өрхийн инженерийн хангамжийг хэсэгчлэн хангах зорилготой юм.

-Захын бүсийн гэр хорооллын агаар, орчны бохирдлыг бууруулах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор байгальд ээлтэй нар салхины сэргээгдэх эрчим хүч, ашиглалтын зардал багатай шинэ дэвшилтэт технологи ашиглан айл өрхийг эрчим хүчээр хангах асуудлыг шийдвэрлэх юм.

Эдгээр төлөвлөлтийг санхүүгийн бага зардлаар оновчтой хэрэгжүүлэхэд эн тэргүүнд технологийн дэвшилтэт шийдэл, инноваци л шаардагдана.

Нийслэлийн удирдлагуудын зүгээс хамгийн түрүүнд хотын оршин суугчдын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэхэд орчин үеийн мэдлэг мэдээлэл, дэвшилтэт технологийг ашиглах, аз жаргалтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө шийдвэр гаргаж ажиллана.

Шинжлэх ухаан, технологийн салбарт төр, олон нийтийн болон хувийн хэвшлийн үр ашигтай түншлэлийг дэмжиж, мэргэжлийн нийгэмлэг, холбоодын шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцох оролцоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана. Мөн Нийслэлийн зүгээс Шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх ажилд анхаарлаа хандуулж, идэвх санаачилгатай ажиллана.

Шинжлэх ухаан, технологийн салбарынхны өмнө тулгарч буй асуудал болон Нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд дотоод гадаадын эрдэмтэн, судлаачид Та бүгдийн мэдлэг чадвар, идэвхтэй оролцоо, бүтээлч үйл ажиллагаа, манлайлал шийдвэрлэх ач холбогдолтой болохыг онцолж байна.

Дэлхийн өндөр хөгжилтэй орны томоохон хотууд шинжлэх ухаан технологийн ололт дээр тулгуурлан хөгжсөн байдаг. Тиймээс бид олон улсын туршлага, эх орныхоо эрдэмтэд, судлаачдын судалгааны үр дүн, түүнд тулгуурласан бүтээлч санаачилгыг үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг зорьж энэхүү олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.

Бага хурлын үр дүнд Улаанбаатар хотын хөгжилд төдийгүй бусад хот, суурин газруудын хөгжилд, улмаар Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах бүтээлч санал, санаачилгууд ажил хэрэг болно гэдэгт найдаж байна.

Аз жаргалтай, ухаалаг хотыг бий болгох зорилгод мэдлэг, чадвартай хүн бүрийн тусламж, дэмжлэг хамгаас чухал. Бид бүхэн нэгдэж чадвал энэ зорилтыг ажил болгож, сайхан хотыг бүтээж чадна.

Шинжлэх ухаан, технологийн салбарын нийт ажилтан, эрдэм­тэн, судлаачид Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан, бүтээл туурвилын арвин их олз омгийг хүсэн ерөөе.

“ХОТЫН ХӨГЖИЛ-ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ-2017” олон улсын бага хурлын ажиллагаанд амжилт хүсье.

Та бүхэнд амжилт хүсье, баярлалаа.

Чуулган: Байр суурь

3 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.