-Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хоёр иргэнд халуурах, цээжээр өвдөх, хоолой өвдөх шинж тэмдэг илэрч, ХӨСҮТ-д тусгаарласан гэсэн. Сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн хоёр иргэн ямар улсаас ирсэн юм бол?
-Өнөөдөр өглөө 06.30 цагт Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэг “Буянт-Ухаа” -д газардсан. Онгоцонд нийт 104 зорчигч ирсэн. Өглөөний онгоцоор ирсэн таван хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна. Таван хүний гурав нь Италиас, хоёр нь Австралиас ирсэн.
Австралиас ирсэн ээж, охин хоёр хуралд оролцохоор яваад, ирсэн. Ээжид нь шинэ коронавирусийн халдварын эмнэл зүйн шинж тэмдэг илэрч, хоолой нь өвдсөн зовиуртай байсан учраас хүүхэдтэй нь хамт тусгаарласан.
Харин Италийн Милан хотод суралцаж байсан гурван оюутныг түр ажиглах байранд тусгаарласан. Үндсэндээ эдгээр таван хүний хоёрыг нь сэжигтэй тохиолдлоор авч, гурвыг нь ажиглалтад аваад байна. Өнөө өглөөний байдлаар 17 хүнийг тусгаарлах байранд авсан. Тэдний тавыг нь ХӨСҮТ-д, үлдсэн 12 хүнийг Цэргийн амралт дахь ажиглах байранд тусгаарлаад байна.
-Насны хувьд?
-Тусгаарлагдсан таван иргэний гурав нь Италид суралцдаг бол Австрали улсаас ирсэн хоёр иргэн хуралд оролцоод ирсэн. Насны хувьд 20-25 насны оюутан залуус байгаа бол Австралиас ирсэн нэг иргэн 40 гаруй насны эмэгтэй, охин нь 18 настай.
-Иргэдийн хувьд хилийн боомтууд дээр хийж буй хяналт шалгалтад эргэлзээтэй хандаж байна. Ер нь хилийн боомтууд дээр хэрхэн хяналт шалгалт хийж байгаа талаар мэдээлэл өгөөч?
-Бид “Буянт-Ухаа” боомтод онгоц ирэх болгонд очиж эрэмбэлэн ангилал хийж, тусгаарлах, ажиглах шаардлагатай хүмүүсийг авч байгаа. Уг хяналт шалгалтаар эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг сэжигтэй тохиолдлоор бүртгэн ХӨСҮТ-д тусгаарлаж байгаа. Мөн COVID-19 халдварын дэгдэлт өндөр байгаа Иран, БНХАУ, БНСУ, Италиас ирсэн хүмүүсийг авч, ХӨСҮТ-д тусгаарлаж байна. Эдгээр улсын бусад хот болон Японоос ирсэн зорчигчдыг тусгайлан бэлтгэсэн ажиглах байруудад 14 хоног ажиглалтад авч байгаа.
Хилийн боомтууд дээр адилхан хяналтыг тавьж байгаа. Жишээлбэл, “Буянт-Ухаа” боомт дээр хилийн нэвтрэх цэг дээр хилийн мэргэжлийн хяналтын газар эхлээд зорчигчидтой уулзаж, хаагуур явсан тухай аяллын түүхийг нь судална. Тэгээд зайнаас биеийн халууныг нь үзнэ. Гол тусгаарлах ёстой таван улс орноос ирсэн, тодорхой хэмжээний шинж тэмдэг илэрсэн эсэхийг нь ялгаад тусгаарлах өрөөндөө авна. Тэрний дараагаар ХӨСҮТ-ийн шуурхай хариу арга хэмжээгээр гүнзгийрүүлсэн судалгааг хийж, ХӨСҮТ юм уу, ажиглах байранд тусгаарлах уу гэдгийг тогтоон тусгаарлаж байна.
-Эрүүл мэндийн яамны өчигдрийн /2020.03.25/ мэдээллээр гэр бүлийн гурван хүн Итали улсаар зорчсон түүхээ нуун дарагдуулсан гэсэн. Эдгээр иргэдийг виз олголтыг хянаагүй юм уу?
-Тэр гэр бүлийн хувьд аль, аль талдаа аяллын түүх дээр ойлголцоогүй юм шиг байна лээ. Тэр хүмүүст эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй учраас 14 хоног түр ажиглах байранд тусгаарласан. Мэргэжилтнүүдтэй сайн ойлголцоогүй асуудал гарсан байх. Гадаад паспорт дээрх штамбыг нь харсан л байх. Өөрсдөө ч гэсэн буруугаа ойлгоод хүрээд ирсэн.
-Өдөрт “Буянт-Ухаа” боомт дээр хэчнээн иргэнд хяналт тавьж, ажиллаж байна вэ?
-Өдөрт нэг нислэг газардах тохиолдол бий. Зарим өдөр хоёр, гурван ч нислэг газардаж байна. Монгол иргэдийн хувьд дэлхийн бусад орнуудаар зорчоод ОХУ-аар дамжин “Буянт-Ухаа” боомтоор орж ирж байгаа.
-Монгол Улсад шинэ коронавирусийн халдвартай тохиолдол бүртгэгдлээ гэхэд хэчнээн хүнд халдварлах эрсдэлтэй вэ?
-Дэлхийн олон улсад бүртгэгдэж буй бүртгэлийг харахад ихэвчлэн олуулаа нэг дор байсан хүмүүсээс голомтлон халдвар гарах тохиолдол маш их байна. Гэр бүл, хамт олны голомт үүсч байна. Нэг өрхийн голомтыг авч үзвэл нэг хүн халдвар авбал тэр айлын бүх хүн өвдөх эрсдэлтэй. Тийм учраас нэг хүн өвдөөд лабораториор батлагдах юм бол тэр гэр бүлийг сарын хугацаанд хянана. Тэр өрхөд долоо, 14, 21, 28 хоногт нь хүмүүсийн эрүүл мэндийн байдалд хяналт тавьж, тухайн гэр бүлийн дараагийн нэг хүнд халдварлавал хяналтын хугацааг сунгаад явна.
Тэгэхээр өнөөдөр хэдэн хүнд шууд халдварлана гэж хэлэх боломжгүй. Хүмүүс аль болох гэртээ, албан байгууллага дээрээ хоорондоо 1-2 метрийн зайнаас харьцах хэрэгтэй. Тийм учраас иргэдийг аль болох олон хүнтэй газар битгий яв, гэр бүл дотроо ч гэсэн аль болох өөрийгөө тусгаарлах шаардлагатай.