Видео-ЭМЯ: Covid-19 дэлхийн 76 улсад бүртгэгдлээ

2020-03-4 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

Мэдээллийн эхэнд сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн халдвар дэлхийн найман оронд шинээр нэмж бүртгэгдсэн талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл онцлов.  Тэрбээр “Коронавирусийн халдвар нэмэгдсээр байна. Улс орнуудын хувьд өвчлөлөөс сэргийлэх, бууруулахын тулд төрөл бүрийн арга хэмжээг авсаар байна. Польшид зургаан сарын хугацаанд мөрдөх шинэ хууль батлах гэж байгаа бол Арабын Нэгдсэн Эмират улсад өвчлөл цөөн байгаа ч өнөөдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа дөрвөн долоо хоногоор хаасан.

Европ, арабын улсууд мэндчилгээний хэлбэрийг өөрчлөх уриалга гаргаж, тэврэлдэх, гар барих, хамраар шөргөлцөхгүй байхыг уриалж байна. Мөн хүнтэй нэг метрээс хол зайнаас харилцах, албан тасалгаанд хоорондоо мөн нэг метрээс хол зайтай суухыг зөвлөж байна. Иймээс манай улсын иргэд ч мөн эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөгөө мэдээллийг сайтар дагаж мөрдөх шаардлагатай  юм” гэлээ.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “Сүүлийн 24 цагт найман оронд халдвар бүртгэгдлээ.  Шинэ тохиолдлын 80 хувь Өмнөд Солонгос, Итали, Иранд гарсан. COVID-19 нь улирлын томуугаас ялгаатай. COVID-19 нь хүнд явцтай, нас баралтын түвшин өндөр, улирлын томууг хязгаарлах боломжгүй байдаг бол COVID-19-ийн тархалтыг хязгаарлах боломж байгаа.  Мөн улирлын томуугийн нас баралт 1 хувьтай бол коронавирусийн нас баралт одоогоор 3.4 хувьтай байна. Улирлын томуугийн вакцин байдаг бол шинэ төрлийн коронавирусийн вакцин одоогоор алга” гэлээ.

Мөн дэлхийн хэмжээнд хувийн хамгаалах хэрэгсэл хомсдож байгааг онцлов. ДЭМБ-ын хэлж буйгаар, 76 сая бээлий, 98 сая амны хаалт 1.6 сая нүдний шил шаардагдах судалгаа байна. Хувийн хамгаалах хэрэгслийг 40 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай. Үүний зэрэгцээ хувийн хамгаалах хэрэгслийг зохисгүй хэрэглэснээр дутагдалд оруулах магадлал байна. Иймээс хувийн хамгаалах хэрэгслийг зөв зохистой хэрэглэх зөвлөмж гаргасан гэх мэдээллийг тэрбээр нэмж өгсөн юм.

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна. Нэгдүгээр сарын 9-өөс хойш 841 хүнийг тусгаарласан. Өнөөдрийн байдлаар 400 гаруй хүний ажиглалтад авсан. Өчигдөр орой буусан Москва-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 138 монгол иргэнээс гурван иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан.  Мөн Улаан-Үдийн галт тэргээр ирсэн халдварын сэжигтэй 13 иргэнийг Дарханд тусгаарласан” гэв.

ДЭМБ-ын зөвлөх баг ХӨСҮТ, II төв эмнэлэг зэрэг эрүүл мэндийн байгууллагуудад ажиллан, арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч байна. ОХУ-аас туршлага солилцох, түргэвчилсэн оношлуур, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэх хүсэлт тавих багийг явуулахаар бэлтгэлээ хангасан. Уг багийг Эрүүл мэндийн дэд сайд ахалж, холбогдох албаныхан явах талаар ч тэрбээр нэмж хэлсэн.

Түүнчлэн Туркийн онгоцоор ДЭМБ-аас тусламжийн бараа маргааш ирэх гэнэ.

Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “АНУ-д сүүлийн 24 цагт халдварын тоо 18-аар нэмэгдэж, нийт 122 болж, есөн нас баралт бүртгэгдсэн байна. 48 тохиолдол нь Ухань хот болон Diamond Princess хөлөг онгоцоос татан авсан тус улсын иргэд юм. Бусад тохиолдол АНУ-ын 13 мужид тархан гарсан. Олон улсад өвчлөл нэмэгдэж, зарим улсад шинээр халдвар бүртгэгдэж буй тул дэлхийн улс орнууд хязгаарлалтын арга хэмжээ авах, баримталж байгаа хязгаарлалтаа сунгах, өргөжүүлж байна. Тухайлбал Сингапур улсад шинээр хоёр тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 110 болсон. Тус улс халдварыг цааш тархаахгүй байх зорилгоор Иран, Итали, БНСУ-д зорчсон түүхтэй зорчигчдыг өөрийн улсад нэвтрүүлэхгүй байх хязгаарлалтаа өргөтгөж, тэдгээр улсаар аялсан хүмүүсийг транзит нислэгээр явуулахыг хориглосон.

Мөн Тайланд улсын эрх баригчид Япон, Герман, БНСУ, БНХАУ, Сингапур, Итали, Иран улсыг халдварын голомт гэж үзэн, эдгээр улсаас ирсэн хүмүүсийг 14 хоног өөрийгөө гэртээ тусгаарлах шаардлага таввсан бөгөөд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гэрээсээ гарахыг хориглосон.

Иран улсад нийт нэг долоо хоногийн өмнө тохиолдлын тоо 100 гаруй байсан бол Мягмар гарагийн байдлаар нийт тохиолдлын тоо 2,336 болж өссөн. Тус улсын парламентын 23 гишүүнээс шинжилгээний хариу эерэг буюу COVID-19 илэрсэн тул парламентын хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан” гэлээ.

МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд “Мэргэжлийн хяналтын байгууллага нэгдүгээр сарын 6-наас эхлэн системийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, 2,200 албан хаагч ажиллаж байна. Энэ хугацаанд Улсын Онцгой комиссын гуравдугаар сарын 1-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээр Эрхүү-Улаан-Үд чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 11-н хүртэл зогсоосон. Мөн БНСУ, Япон улсаас ОХУ-аар дамжин нутагтаа ирж буй иргэдийг Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг боомтоор нэвтрүүлэх болсон тул Сэлэнгэ аймгийн боомтуудаар ирэх зорчигдын тоо нэмэгдэж, хилийн хяналтын ачааллыг нэмэгдүүлсэн тул МХЕГ-ын даргын шийдвэрээр тус боомтод улсын байцаагчдыг нэмэлтээр дайчлан ажиллуулж байгаа.

Мөн энэ сарын 15-наас нүүрсний экспортыг эхлүүлэх тул холбогдох боомтуудад улсын байцаагчдыг дайчлан ажиллуулахаар бэлтгэлийг хангуулж байна.  Тусгай горимд шилжин ажилласнаас эхлэн нийт хот хоорондын 68 зорчигч тээврийн автобус, 12,393 нийтийн тээврийн хэрэгслийн цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн байдалд хяналт хийлээ. Мөн давхардсан тоогоор 551 шашны байгууллагад олон нийтийг хамарсан арга хэмжээ, хурал, цуглааныг зохион байгуулахгүй байх мэдэгдэл хүргүүлж, түүнд хяналт тавьж байна.  Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлын хяналтыг 385 эмнэлэгт хийж, 73 эмнэлэгт албан шаардлага, зөвлөмж хүргүүлсэн” хэмээн хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар танилцуулсан.

COVID-19 вирусийн халдварын нөхцөл байдлын мэдээ /2020.03.04ний 11:00 цаг/

Posted by Эрүүл Мэндийн Яам on Tuesday, March 3, 2020

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.