Видео: Өнөөдрийн байдлаар 401 иргэнийг тусгаарлаж, хяналтад авсан

2020-03-3 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 вирусийн тархалтын нөхцөл байдал дэлхийн зарим улс оронд ямар байгаа болон манай улсад хэрхэн урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авч буй талаар ээлжит мэдээллийг өгч байна.

ДЭМБ-ын мэдээгээр 24 цагийн хугацаанд шинээр 64 оронд 1800 шинэ тохиолдол бүртгэгдэж, 66 нас баралт бүртгэгджээ. БНСУ, Иран, Итали, Япон гэсэн дөрвөн орны тархалт анхаарал татаж байна гэв. Одоогоор дэлхийн 130 улсад халдвар илрээгүй байна. Хэдийгээр вирусийн тархалт хурдацтай байгаа ч зөв арга хэмжээг эрт эхлүүлэх юм бол вирусийг хязгаарлах боломжтой. Мөн вирус өргөн хүрээнд тархаж эхлэхэд бэлтгэлээ хангах нь чухал байгааг ДЭМБ-аас анхаарууллаа. Өнөөдрийн байдлаар COVID-19 вирусийн тархалтыг дэлхийн хэмжээнд цар тахал гэж зарлаагүй байгаа юм.

ДЭМБ-ын зөвлөх баг Коронавируст халдвар (COVID-19)-ын эрчимт эмчилгээ, яаралтай түргэн тусламж, халдварын сэргийлэлт, хяналтын чиглэлээр энэ сарын 2-11 хооронд манай улсад ажиллаж байгаа юм.

Манай Улсад COVID-19 вирусийн халдвар илрээгүй хэвээр байна. Тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариуны талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Энэ сарын 1-нд ХӨСҮТ-д хоёр, Сэлэнгэ аймагт гурван тохиолдол тусгаарлагдсан. Эдгээрийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Одоогоор буюу өчигдөр Сэлэнгэ аймагт нэг, “Бага баян” сувилалд 78, нийт 100 орчим хүнийг ажиглалтад аван хянаж байна” гэлээ.

Манай улсын иргэд вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй хэрэгжүүлж буй тул сүрьеэ өвчин 69 тохиолдлоор гэдэсний халдварт өвчин цусан суулга 1.9 хувиар, эмнэлгийн орны ачаалал 2 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт гарчээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Манай Улсын хувьд нэгдүгээр сарын 9-нөөс хойш 812 хүнийг ажиглалтад авсан байна. Яг одоогоор 435 иргэнийг ажиглалтад аваад байгаа. Тусгаарлах байрнуудын ачаалал 50 орчим хувьтай байна. Өглөө гадаад улс орноос 111 зорчигч ирсэн. Эдгээрийн 16 зорчигчийг тусгаалан сэргийлэх арга хэмжээг авсан. Турк-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 32 зорчигч ирсэн. Урьдчилсан байдлаар долоон хүнийг ажиглалтад авах мэдээлэл ирээд байна. Хяналт, шалгалт дуусаагүй явагдаж байгаа. Мөн Дарханы чиглэлэд 21 хүнийг ажиглалтад авсан” гэв.

Мөн COVID-19 вирусийн халдварын өвчлөл гэр бүл, хамт олны хүрээнд өндөр тархаж байна. Мөн өндөр настнууд вирусийн халдвард өртөх магадлал өндөр байгааг Эрүүл мэндийн яамнаас анхаарлууллаа. Хэрэв танд сэжигтэй шинж тэмдэг илрэх юм бол 100, 103, 323002 болон аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвийн зөвлөгөө өгөх утсанд хандаарай.

Дашрамд дуулгахад, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг боомтоор сүүлийн өдрүүдэд БНСУ-аас дамжин орох монгол иргэдийн хөдөлгөөн эрчимжсэн учраас Сэлэнгэ аймгийн ачааллыг бууруулах зорилгоор зэргэлдээ аймагт тусгай эмнэлгийн ор бэлджээ.

Өчигдөр 22.30 цагт Сүхбаатар боомтод Эрхүү-Улаанбаатар чиглэлийн 306 дугаар галт тэрэг 54 зорчигчтойгоор ирсэн бөгөөд мөн Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос тусгай чиглэлийн автомашин гарган Хиагт хотоос есөн том хүн, хоёр хүүхэд нийт 11 монгол иргэнийг татан авч 19:10 цагт улсын хилээр нэвтрүүлсэн байна. Улмаар хяналт тандалт хийж, Дархан-Уул аймагт ажиглалтад авахаар хүргүүлжээ. Сэлэнгэ аймагт өнөөдрийн байдлаар нийт 80 монгол иргэн ажиглалтад тусгаарлагдаж байгаагаас сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан 16 иргэний 13-ийнх нь сөрөг гарч, гурван иргэний хариу хүлээгдэж байгаа аж.

Ингээд хэвлэлийн хурлын мэдээллийг шууд дамжуулан хүргэж байна.

COVID-19 вирусийн халдварын нөхцөл байдлын мэдээ /2020.03.03ны 11:00 цаг/

Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, March 2, 2020

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.