Видео: Манайд СЭЖИГТЭЙ таван тохиолдол, АЖИГЛАЛТАД 335 хүн байна

2020-03-2 Мэдээ мэдээлэл

 

 

 

 

ЭМЯ-наас covid-19 вирусийн халдварын талаар ээлжит мэдээллээ хийв.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “ДЭМБ-ын энэ сарын 1-ний мэдээгээр 24 цагийн дотор COVID-19 халдварын 1739 шинэ халдвар бүртгэгдэж, нийт 87.137 тохиолдол болсон байна. Үүнээс 53 нас баралт нэмэгдэж, нийт нас баралтын тоо 2977 болсон. Шинээр Эквадор, Монако, Катар, Азербайжан, Ирланд улсад халдвар бүртгэгдсэн. Сүүлийн мэдээгээр Итали улс руу зорчсоноос Чех, Шотланд, Доминикан зэрэг улсуудад халдвар бүртгэгдсэн. БНХАУ-д 579 шинэ тохиолдол бүртгэгдэж, 35 нас баралт мэдээлэгдсэн. Тус улсын Хубэй мужид 34, Ухань хотод нэг нас баралт гарсан. Нийт 42 мянган хүн эдгэрсэн. Дэлхийн 38 оронд халдвар зөвхөн гаднаас орж ирсэн тохиолдол гарсан бол 20-иод улсад халдвар дотоодын дэгдэлт байдлаар тархаж байна. БНСУ-д 586 шинэ тохиолдлоор нэмэгдэж, нийт 3736 тохиолдол болсон. Солонгост өдөрт дунджаар 11 мянган хүн лабораторийн шинжилгээ өгч, хавьтлын судалгааг хийж байна. Шинжилгээний хариугаа хүлээж буй 33 мянган хүн байгаа бол 60 мянган хүний лабораторийн хариу сөрөг гарчээ. Өмнөд Солонгост зургаан голомт байгаагаас хамгийн том голомт болох Шинчонжи сүмд анх нэг хүн халдвар авч, 16 хүнд халдвар тараасан” гэлээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд тусгаарлагдсан 2, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 9, нийт 11 иргэний коронавирусийн халдварыг илрүүлэх шинжилгээний хариу сөрөг гарсан.

Гуравдугаар сарын 1-нд ХӨСҮТ-д 2, Сэлэнгэ аймагт 3 сэжигтэй тохиолдлыг тусгаарлан, тандалт судалгаа лабораторийн шинжилгээ хийж байна.

Ажиглалтад өчигдөр ХӨСҮТ-д 8, Сэлэнгэд 13 хүнийг тус бүр авсан. Улсын хэмжээнд ажиглалтад 335 иргэн байна” гэдгийг тодрууллаа.

 

 

Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр өнөөдрийн байдлаар дэлхийн 64 оронд COVID-19 халдвар бүртгэгдээд байна. Иргэд ариун цэвэртээ анхаарч, амны хаалтаа зүүснээр гахайн хавдар, гар, хөл, амны өвчин, салхин цэцэг гэх мэт агаар дуслын замаар халдварладаг өвчнүүд 1.3-2.9 дахин буурсан байна. Томуу өвчин буурч, өнгөрсөн жилийн өдийд нийслэлд 600 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол одоо 280 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Монгол Улсад одоогоор нийт сэжигтэй таван тохиолдол, ажиглалтад 335 хүн байна. Түр ажиглалтад байгаа иргэдээс одоогоор ажиглалтад байх хугацааны төлбөр төлсөн иргэн байхгүй. Итали улсад загварын шоунд оролцсон иргэдийн биеийн байдал хэвийн байгаа.

Коронавирусийн халдвараас хохирол багатай даван туулах нь гол зорилт.  Нэг л хүн өвдвөл хэчнээн хүчирхэг эдийн засагтай орон байлаа ч, анагаахын шинжлэх ухаан нь хөгжсөн орон байлаа ч хүчин мөхөстөж байна. Монгол оронд эл халдвар орж ирэх юм бол олон зүйл дээр бид хүчин мөхөстөнө, тиймээс урьдчилан сэргийлэх нь чухал байна” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.