Д.Сарангэрэл: Коронавирусийн оношлуур баталгаатай нь туршилтаар нотлогдсон

2020-02-28 Мэдээ мэдээлэл

 

Япон Улсад үйлдвэрлэгдсэн оношлуураар шинэ коронавирусийн халдварыг илрүүлэх оношилгоог Монгол Улсад хийж байгаа ба өнөөдрийг хүртэл сэжиглэгдсэн 300 гаруй тохиолдолд тус оношлуурыг ашиглаж, Монгол Улсад шинэ коронавирусийн халдвартай хүн гараагүй сайхан мэдээтэй байна.

Дэлхий даяар маш хурдацтай тархаж, 40 гаруй оронд халдвар тээгч илрээд байгаа энэ үед тус өвчний халдварын голомт БНХАУ-тай 4700 км хуурай газраар хиллэдэг Монгол Улсад шинэ коронавирусийн халдвар ороогүй гэдэгт эргэлзэж байна. Монголчууд илрүүлж чадахгүй байгаа юм биш үү гэсэн эргэлзээ иргэдийн дунд ам дамжин яригдаж байгаа нь нууц биш.

Иймд эрүүл мэндийн салбарынхан оношлуурын үр дүнг туршилтаар шалгасан байна. Тодруулбал амьсгалын замын цочмог халдварын 60 тохиолдолд шинэ коронавирусын оношилгоог тус багажаар давхар хийсэн. Ингэхдээ түүврийн аргаар бүх шатлалын эмнэлгүүдэд эмчлүүлж буй хүнд, хөнгөн өвчтнүүдэд оношилгоог хийхэд шинэ коронавирусын халдвар илрээгүй. Тиймээс оношилгоо үнэн зөв хийгдэж байна, оношлуурын чанарт эргэлзэх хэрэггүй гэж ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл мэдэгдэж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.