Д.САРАНГЭРЭЛ: COVID-19 халдвар манайд бүртгэгдээгүй ч БИД БЭЛЭН БАЙДЛАА ХАНГАХ ЁСТОЙ

2020-02-26 Эрүүл мэнд

 

Засгийн газраас гаргаж буй нэмэлт нөөц хөрөнгө болон ЭМЯ-ны шугамаар АХБ-ны төслийн хүрээнд эмнэлгийн тоног төхөөрөмж авах боломж бүрдэж байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр УОК-ын хурлын дараа мэдэгдлээ. 

Тэрбээр “Шинэ коронавирусийн халдвар гарсан орны тоо нэмэгдсээр байна. Хэдийгээр манай улсад бүртгэгдээгүй ч бид бэлэн байдлаа хангах ёстой. Засгийн газар нөөц хөрөнгө болон ЭМЯ-ны шугамаар Азийн хөгжлийн банкны хэрэгжүүлж төслийн хүрээнд эмнэлгийн тоног төхөөрөмж авах боломжийг бүрдүүлсэн.

Түүнчлэн бэлэн байдлыг хангах, тэр дундаа нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахаар эм тариа, эмнэлгийн хэрэгслийн нэмэлт нөөцийг бүрдүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.

“COVID-19”-ийн халдвар, тархалтаас сэргийлэх талаар анх нэгдүгээр сарын 24-нд Улсын Онцгой комисс хуралдаж, 3 хоногийн дараа нь Япон улсаас шинэ коронавирусний оношлуурыг хамгийн түрүүнд оруулж ирж байсан.

Эхлээд 200 ширхэг оношлуур, дараа нь 1000 ширхэг оношлуур авсан бол саяхан 3000 оношлуурыг аваад байгаа. Үүн дээр нэмж маргааш 2000 оношлуур авахаар манай яамны ажилтнууд ажиллаж байна. Тиймээс коронавирусийн оношлуурын хувьд хүртээмжтэй, хангалттай болно гэдэгт итгэлтэй байна.

Энд нэг зүйлийг онцлоход, оношлуурт эргэлзэх зүйл байхгүй. Амьсгалын замын цочмог халдварын 60 тохиолдолд шинэ коронавирусний оношилгоог давхар хийсэн. Биеийн байдал нь хүнд, хөнгөн хүмүүсээс түүвэрлэн авсан” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.