УОК: БНСУ-ын бүх нислэгүүдийг цуцаллаа

2020-02-24 Засгийн газар
УОК: БНСУ-ын бүх нислэгүүдийг цуцаллаа

 Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.02.24/ Улсын онцгой комисст БНСУ-тай хийж байгаа нислэгүүдэд яаралтай арга хэмжээ авах чиглэлийг өгсний дагуу Улсын онцгой комисс дөнгөж сая хуралдаж дууслаа.

Хуралдаанд Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан БНСУ-ын нислэгийг маргаашнаас эхлэн буюу хоёрдугаар сарын 25-ны өдрөөс ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хугацаанд зогсоох, хязгаарлах саналыг Улсын онцгой комисст хүргүүлснийг комисс хэлэлцэж, ирэх гуравдугаар сарын 2-ний өдрийг дуустал бүх нислэгийг цуцлах шийдвэр гаргасан байна.

Энд нэг зүйлийг тодруулахад, БНСУ-аас ирэх 3668 зорчигч, Улаанбаатраас явах 2500 гаруй зорчигчийн билет захиалсан байсан нь ийнхүү цуцлагдаж байна. Эдгээр иргэний билет үнэгүй буцаах, эсвэл дараагийн удаа зорчихдоо билетээ ашиглах талаар авиа компаниудтай хэлцэл хийсэн аж.  Мөн агаарын хөлөгт халуурсан хүнийг суулгахгүй, шалгалтуудаа нарийн явуулах чиглэл, халдварын бүсээс хүн тээвэрлэхгүй байх саналуудыг өмнө нь хэлсэн байжээ.

 

БНСУ-ЫН ТАЛ МОНГОЛ ИРГЭДИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЭЖ, ШИНЖИЛГЭЭ ХИЙНЭ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “БНСУ, Хятад улсад дипломат ажилтнууд байнгын жижүүр гаргаж, сэрэмжлүүлэх мэдээлэл, коронавирустай холбоотой мэдээлэл цаг минутаар өөрчлөгдөж байгаа учраас мэдээллийг шуурхай хүргэхээр ажиллаж байна. Солонгосын төр засагтай байнга холбоотой ажиллаж байгаа. Саяын шийдвэрүүдийг гаргахдаа ч Солонгосын талтай харилцаж шийдвэрлэсэн. Хамгийн гол нь бүс нутгийн улсууд уялдаа холбоотой ажиллах шаардлагатай. Зөвхөн нэг улсын дотоод байгууллага хамтраад зогсохгүй, бүс нутгийн улс орнууд хамтарч ажиллах зайлшгүй шаардлага үүсч байгаа бөгөөд өөрийн улсын иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна.  Израйл, Шинэ Зеланд улсууд хилийн хязгаарлалтаа хийж эхэлсэн. АНУ, Австрали иргэддээ БНСУ руу зорчихгүй байхыг анхааруулж байна. Солонгос улс руу зорчоод ирсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлаж байгаа. Бид ярилцаж байгаад мөн ийм арга хэмжээ авна” гэдгийг онцоллоо.

Гадаад харилцааны яамнаас дипломат ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж байна. БНСУ дахь Элчин сайдын яам болон онгоцны буудал дээр Консулын ажилтнууд ажиллаж, иргэдэд мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэн ажиллахад анхаарч байна. БНСУ-ын төр засагтай харилцаа холбоотой ажиллаж байна гэдгийг Гадаад харилцааны яамны сайд мэдээллээ. Гадаад харилцааны яамнаас БНСУ дахь монгол иргэдэд анхаарал хандуулж, эрх ашгийг нь хамгаалах чиглэлээр ажиллана гэдгийг тодотголоо. Энэ хүрээнд БНСУ дахь монголчууд эмнэлэгийн тусламж авахад ямар нэгэн эмнэлгийн төлбөр авахгүй гэдгийг тус улсаас мэдэгджээ. БНСУ-ын визний асуудалтай холбогдуулан ТЭГҮ хотоос ирж буй иргэдэд болон зорчих иргэдэд түр хугацаанд виз олгохгүй. БНСУ-д визний зөрчилтэй иргэдийг тус улсаас ойлгож ажиллах зохицуулалт хийсэн, мөн гэрээт ажилчдын хугацааг 50 хүртэлх хоногоор сунгажээ.

АМРАЛТ СУВИЛЛЫН ГАЗРУУДЫГ ТУСГААРЛАХ БАЙР БОЛГОНО
Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар аймаг орон нутгийн Засаг дарга нарт шаардлагатай тохиолдолд амралт сувиллын газруудыг тусгаарлах байр болгох орчин нөхцлөөр хангах шийдвэр гаргалаа. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр ОБЕГ-ын Жаргалантын аманд байрлах сургалтын төвийг тусгаарлах байр болгож, Тэгү хотоос ирсэн 17 Монгол иргэнийг тусгаарлаад байна. Эдгээр иргэнийг халдварын голомтот бүс нутгаас ирсэн гэдэг утгаар түр хугацаанд эмчийн хяналтад байлгахаар болжээ. Одоогоор биеийн байдал нь сайн байгаа юм байна.
Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаан Солонгос иргэний хоёр нь гилэнмаа, хоёр нь Монгол Улсад байнгын оршин суудаг юм байна. Тэдний шинжилгээний хариу одоогоор гараагүй байгаа аж. Баярын өдрүүдэд хот хоорондын тээврийн хэрэгслийг бүрэн хязгаарласантай холбогдуулан Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан мэдээлэл өглөө. Энэ үеэр төрийн алба хаагчдад үйлчилж буй тээврийн хэрэгслүүдийг камераар тусгайлан хянаж байгааг онцлов.
УЛААНБААТАР ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАН:
-Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр баярын өдрүүдээр найман чиглэлд төрийн алба хаагчдад үйлчилгээ үзүүлж байгаа. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарласан. Тусгай үйлчилгээ үзүүлэх автобуснуудад камераар хяналт тавин ажиллаж байна. Баяр ёслолын өдрүүдээс хойш тээврийн хэрэгслүүд үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчдэд гар ариутгал болон халдвараас урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлнэ. Мөн Нийслэлийн орох гарах 12 чиглэлд 24 цагаар хяналт тавин ажиллаж байна. Онцгой комиссын зөвшөөрлөөр зайлшгүй нэвтрэх шаардлагатай иргэдийг нэвтрүүлж байна. Цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид орох гарах цэгүүдэд тандалт хяналт тавьж, тээврийн хэрэгслийг хөдөлгөөнийг хянаж байна. Мөн төрийн алба хаагчдыг гадаадын улс орнуудад зорчихгүй байх шийдвэрийг гарган хэрэгжүүлж байна.

 

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.