Ерөнхий сайд У.Хүрэлсүх эмнэлгүүдийн бэлтгэл бэлэн байдалтай танилцлаа

2020-02-17 Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эмнэлгүүдийн бэлтгэл бэлэн байдалтай танилцлаа. Шинэ коронавирусийн эрсдэлийн үед ХӨСҮТ-д 200 ор, Цэргийн төв эмнэлэгт 50 ор, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 65 ор бэлдсэн. Шаардлагатай тохиолдолд, Цэргийн төв эмнэлгийг бүрэн тусгаарлаж хоёр цаг хагасын дотор нүүлгэн шилжүүлэхээр бэлтгэл хангагджээ.

Шинэ коронавирусний дэгдэлтийн эрсдлээс урьдчилан сэргийлж, эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна. БНХАУ-д гарсан шинэ коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор ДЭМБ-аас 2020 оны нэгдүгээр сарын 21,25, хоёрдугаар сарын 11-нд гурван удаа манай улсын эрсдэлийг үнэлсэн. Хамгийн сүүлийн үнэлгээгээр шинэ коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэй бүсээр тооцсон. Иймд орон даяар өндөржсөн бэлэн байдалд шилжиж, эрүүл мэндийн салбарт “Тохиолдлын удирдлагын тогтолцоо”-г нэвтрүүлж, шаталсан арга хэмжээ авч, нэгдсэн зохион байгуулалтаар ажиллаж байна.

Монгол Улсад халдвартай улс орноос зорчиж ирсэн нийт 132 иргэнийг сэжигтэй тохиолдлоор бүртгэж тусгаарлан тусгаарлан шинжилсэн бөгөөд шинэ төрлийн коронавирусээр халдварлаагүй нь тогтоогдсон. Одоогоор, ХӨСҮТ-д гурван хүн тусгаарлагдсаны нэг нь өчигдөр шөнө Улаанбаатар-Токио чиглэлийн онгоцоор иржээ. Харин Гашуунсухайт боомтоор орж ирсэн 12, Замын-Үүд боомтоор орж ирсэн нэг хүнийг тус тус орон нутгийн эмнэлгүүдэд тусгаарлан ажиглаж байна.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн ажилтан албан хаагчдад илүү цагийн хөлс олгохоо мэдэгдэж, лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар санхүүжилтийг шийдвэрлэнэ гэв. ХӨСҮТ-ийн удирдлагууд халдварт өвчний яаралтай дуудлагад түргэн тусламжийн тэрэг хүрэлцэхгүй байгааг уламжилжээ. Тиймээс УАЗ- Фургон маркийн гурван автомашиныг өнөөдрөөс ХӨСҮТ-д хүлээлгэн өгөхөөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл газар дээр нь шийдвэрлэв.

Шинэ коронавирусний голомтын бүс БНХАУ-д дэгдэх үеийн өвчлөлийн байдлаас үзэхэд тус вирусний халдварын эмнэлзүйн шинж нь амьсгалын хурц дутмагшил, бөөрний дутагдалд хүргэж байгаа тул Азийн хөгжлийн банкны 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр амьсгалын болон диализын аппаратыг нэмж захиалан энэ сарын 25-нд ХӨСҮТ- д нийлүүлэхээр болжээ.

Сэжиглэгдсэн иргэдийн шинжилгээг ХӨСҮТ-ийн лаборатид АНУ, Япон улсын халдварт өвчин судлалын лабораторитой яг ижил төвшинд хийж байгаа аж. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж буй эмнэлгийн ажилчдад талархал илэрхийлэв.

Тэрбээр, “Иргэд маань өөрийн эрүүл мэнд, үр хүүхдийнхээ аюулгүй байдал, ахмад настнуудынхаа амь нас, улсынхаа аюулгүй байдал, үндэстнийхээ тусгаар тогтнолыг бат бөх байлгая гэж бодож байгаа бол хариуцлагатай байх ёстой. Хүн бүр амны хаалтаа зүүх хэрэгтэй. Цагаан сарын баяраар айл хэсэхгүй байх хэрэгтэй. Бүх зүйлийг төрөөс хангах боломжгүй иргэн хүн өөрийнхөө, бусдын, гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалах ёстой. Энэ бол Монгол хүний үүрэг гэж ойлгох хэрэгтэй. Иргэн бүр, айл өрх бүр, аж ахуй нэгж байгууллагууд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч аюулт өвчний эсрэг хамтдаа сэргийлж, тэмцэж чадвал аюул осолгүй, халдварт өвчний дэгдэлт холуур тойрч гарч чадна гэж итгэж байна. Иймд иргэдээ хариуцлагатай, үүргээ биелүүлэхийг уриалж байна” хэмээв.

Шинэ коронавирусний халдвар авсан иргэнийг эмчлэх эмчилгээний явцад хоногт 20-25 ширхэг нэг удаагийн халдвар хамгааллын иж бүрэн хувцас хэрэглэл шаардагдах бөгөөд энэ нь их хэмжээний нөөцийг шаардаж буй юм. Үүнд зориулж ЭМЯ-аас Олон улсын бусад холбогдох байгууллагуудаар дамжуулж ирэх долоо хоногт бүрэн хангалт хийхээр шийдвэрлэж чадсан гэж Эрүүл мэндийн сайд мэдэгдлээ.

2020 оны хоёрдугаар сарын 17-ны өглөөний 08.00 цагийн байдлаар, БНХАУ-д шинэ коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо 70 533-т, нас барсан хүний тоо 1767 болж, дэлхийн 26 оронд халдвар гараад байна.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.