Видео: Д.Нарангэрэл: Халдвар авсан нэг хүн дунджаар 5-6 хүнд халдвар тараах магадлалтай

2020-02-11 Мэдээ мэдээлэл

ЭМЯ-наас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит 11.00 цагийн мэдээлэл хийлээ. Энэ удаад ЭМЯ-ны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа,   МХЕГ-ын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар,  ХХЕГ-ын дарга хурандаа Ц.Мягмардорж, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нар мэдээлэл өглөө.

Хоёрдугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо 43027-т хүрсэн бол 3998 хүн эдгэрч, 1017 хүн нас бараад байна.

МХЕГ-ын мэдээллээр нэгдүгээр сарын 7-ноос хоёрдугаар сарын 11-ны хооронд 86 сэжигтэй тохиолдол илрүүлсэн. Тодруулбал, 66 нь Буянт-Ухаа, 5 нь Замын-Үүд, 3 сэжигтэй тохиолдлыг Хавиргын боомтоор илрүүлсэн байна. Өчигдөр нэмж 12 сэжигтэй тохиолдлыг Гашуунсухайт боомт дээр илрүүлж, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү явуулаад байгаа аж. Мөн иргэдийг БНХАУ руу дипломат болон эрүүл мэндийн шалтгаанаар явахыг зөвшөөрч байгаа ч эрсдэл өндөр байгааг бодолцож, зайлшгүй шаардлагатай биш бол аль болох эрсдэлтэй улсад зорчихгүй байхыг зөвлөе гэв.

Одоогийн байдлаар  ХӨСҮТ-д  өчигдөр тусгаарлагдсан нэг хүний  шинжилгээний хариу сөрөг гарч үгүйсгэгдсэн. Хөвсгөл аймагт сэжигтэй нэг тохиолдол илэрч шинжилгээний хариу 24 цагийн дараа гарна гэлээ. Харин Гашуунсухайт боомт дээр тусгаарлагдсан 12 хүний шинжилгээний сорьцыг хүлээн авч хариу гарсан даруйд мэдээлэх болно гэсэн юм.

Хурлын үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Шинэ коронавирусийн халдвар нэмэгдсээр байна. Сүүлийн өдрүүдэд олон улсын эрдэмтэд судалгаа шинжилгээгээ эрчимжүүлж, шинэ дүгнэлт, мэдээллүүд гараад байгаа. Тухайлбал, халдвар авсан нэг хүн дунджаар 5-6 хүнд халдвар тараах магадлалтай гэж судалгааны материалд дурдсан.

Түүнчлэн өвчний нууц үе буюу 2-14 хоногт ямар нэгэн шинж тэмдэггүйгээр халдвар тараах магадлалтай гэж үзсэн.

ДЭМБ-ын захирал хэлэхдээ энэ бол зөвхөн мөсөн уулын орой байж магадгүй тул сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан.

Амны хаалтны хомсдол үүсээд байгаа. Зарим улсад амны хаалт, хувийн хамгаалах хэрэгслийг ихээр нөөцөлбөл хүлээлгэх хуулийн хариуцлагыг тодорхойлоод байна” гэдгийг тодрууллаа.

Мөн Хил хамгаалах ерөнхий газрын мэдээллээр 26 боомтын хамгийн ачаалалтай байгаа нь Замын-Үүд, Буянт-Ухаа байна. ОХУ-д  хоёр тохиолдол илэрсэн тул Алтанбулаг боомтоор Оросоос орж ирж байгаа болон Орос руу явж байгаа иргэдэд хяналт тавьж байна гэв.

Шинэ Коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна. 02.11-ний 11:00 цаг

Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, February 10, 2020

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.