Өвс шатаах гээд хөршүүдийнхээ байшин, хашааг түймэрджээ

2017-05-2 Мэдээ, мэдээлэл
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Жигжидийн зусланд гал гарч байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр 14:44 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход байшин, айлуудын хашааны шар өвс шатсан байдалтай байсан байна. Нэмэлт дуудлагаар гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн ажиллаж, гал түймрийн тархалтыг зогсоожээ.
Хашааны шар өвсөө шатааж байгаад гал алдсаны улмаас ийнхүү 12 айлын хашааны газар, хоёр айлын байшин шатжээ. Албан хаагчид шуурхай ажиллаж ойролцоох айлуудын байшинг гал түймэрт өртөхөөс урьдчилан сэргийлж, хамгаалж чадлаа.
Дашрамд дуулгахад, хуурайшилтын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргүүдийн ногоон бүсийн аж ахуй нэгж байгууллага, иргэдэд сэрэмжлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа хэдий ч зуслангийн чиглэлд гал түймрийн дуудлага буурахгүй байна.
Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд иргэдийн буруутай үйлдлээс болж гал гарсан бол дараах хариуцлагыг хүлээлгэдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.
Үүнд:
Ойн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтын дагуу гарсан ой хээрийн түймрийн шалтгаан, эзэн холбогдогчийг Цагдаагийн байгууллага шалгаж тогтоодог.
Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь заалтын дагуу Ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон,их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг.
Ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 251 дэх заалтын дагуу Ой, хээрийн түймэр тавьсан, хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас тогтоосон журмыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил гаргасан:
Иргэнийг 1000-50.000 төгрөгөөр,
Албан тушаалтныг 30.000-60.000 төгрөгөөр,
Байгууллага, аж ахуйн нэгжийг 50.000-250.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6, 9.2.9 дэх заалтын дагуу ил задгай хог хаягдал шатаасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тус хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.7 дахь заалтын дагуу:
– Иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, /240.000 төгрөг/
– Аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /480.000 төгрөгөөр/тус тус торгож харуцлага хүлээлгэдэг журамтай гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

43 минутын өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.