Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язал хүлээн авч уулзлаа

2020-02-4 Мэдээ мэдээлэл

 Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язал, Туркийн Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ТИКА)-ын хөтөлбөр зохицуулагч Эмрах Устаөмэр нарыг ЭМЯ-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын зорилго нь 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулагдсан ЭМЯ, ДЭМБ хамтран Шинэ коронавирусийн халдварын тархалтын олон улсын болон Монгол Улс дахь нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашид шийдвэрлэх асуудлын талаарх НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын гамшиг, онцгой байдлын үеийн эрүүл мэндийн багийн хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх талаар харилцан ярилцаж, санал солилцох явдал байв.

Уулзалтын эхэнд Элчин сайд Ахмет Язал БНХАУ-ын Ухань хотоос Туркийн иргэдийг тээвэрлэж явсан нисэх онгоцонд Буянт-Ухаад түр газардах зөвшөөрөл олгосонд Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлээд шинэ коронавирусын халдварын үед эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай эм, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслийн жагсаалтыг урьдчилсан байдлаар хүлээн авч, судалгааг эхлүүлсэн болохыг мэдэгдлээ.

Үүний дараагаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол, Турк хоёр улс Ухань хотоос өөрсдийн иргэдээ авчирсан эхний 5 улс болсныг мэдэгдээд шинэ коронавирусын халдварын тархалтын үед нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалалтын хэрэгслийг нийлүүлэхэд идэвх санаачилга гарган манлайлан оролцож байгаад Элчин сайд Ахмет Язал-д талархал илэрхийлснээр уулзалт өндөрлөв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.