Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2020 оны 2 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Кувейт Улсад ажиллаж байна.
ТНБД Д.Даваасүрэн энэ сарын 3-нд Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн Ерөнхий захирал Абдулвахаб Аль-Бадертай уулзаж, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Тэрбээр Кувейтийн сангаас Монгол Улсад авто зам, усан цахилгаан станц, Түлэнхийн төв барих, Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэх зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж олгосонд монголын ард түмэн нэн талархалтай байдгийг тэмдэглэж, явцдаа байгаа төслүүдийн талаар мэдээлэл өгөв.
Манай улс Кувейтийн Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийг Дархан-Эрдэнэт-Булган-Уньт-Тариалангийн чиглэлийн 415 км авто зам, Тайширын УЦС-ыг барихад ашигласан бол буцалтгүй тусламжаар Монгол-Кувейтийн судалгааны төвийг барьж, Түлэнхийн төвийг 2020 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Мөн Зүүн бүсийн аялал жуулчлалын зангилаа болох Өндөрхаан-Норовлин-Дадал чиглэлийн авто замын төслийн талаар мэдээлэл өгч, төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад шаардлагатай 500 мянган ам.долларын буцалтгүй тусламжийг кувейтийн талаас авах асуудлын талаар ярилцлаа. Сангийн зүгээс манай хүсэлтийг 2020 оны 2 дугаар сарын 19-нд болох Захирлуудын зөвлөлийн хурлаараа хэлэлцэх гэж байгааг мэдээлж, нааштайгаар шийдвэрлэхээ мэдэгдэв. Мөн өдөр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Кувейт Улсын Ерөнхий сайд асан Эрхэм дээд Шейх Нассер Аль-Мухаммад Аль-Ахмад Аль-Жабер Аль-Мубарак Аль-Сабахт бараалхав.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Эрхэм дээд Шейх Нассер Аль-Мухаммадад Монгол, Кувейтийн хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар товч мэдээлж, 2020 онд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байгааг тэмдэглэхийн сацуу Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагааг ийнхүү өргөжүүлэн хөгжүүлэхэд Эрхэм дээд Шейхийн зүгээс элэгсэг дотно хандаж, анхаарч дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Тэд мөн бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
Шейх Нассер Аль-Мухаммад Төрийн нарийн бичгийн даргыг Кувейт Улсад тавтай зочлохыг хүсч, Кувейт, Монголын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхэд бүхий л дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Уулзалтад кувейтийн талаас Гадаад хэргийн Дэд сайд Халид Аль-Жаралла, Туслах сайд Али Сулейман Аль-Саийд болон албаны бусад хүн, манай талаас Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд З.Чинтүшиг болон Элчин сайдын яамны дипломат ажилтнууд оролцов.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.