ДЭМБ-аас манайд ирэх долоо хоногт хувийн хамгаалах хэрэгслийг хүргүүлнэ

2020-02-4 Мэдээ мэдээлэл

Хэвлэлийн бага хурал

ЭМЯ-наас болон холбогдох албаныхан шинэ коронавирусийн халдварын эсрэг авч байгаа арга хэмжээнийхээ талаар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Манай улсын хувьд, одоогоор коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй. ДЭМБ-аас өгсөн мэдээллээр дэлхийд сүүлийн 24 цагийн байдлаар шинээр нэмж халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Мөн ДЭМБ-аас хувийн хамгаалах хэрэгслийг улс орнуудад тарааж байгаа бөгөөд манай улсад ирэх долоо хоногт ирүүлэх юм.

 Мэдээллийн эхэнд ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдсэн тохиолдол гарсангүй. БНХАУ-аас гадна 23 улсад халдвар бүртгэгдээд байгаа бөгөөд тэдгээр улсуудад шинээр бүртгэгдсэн долоон хүний тав нь БНХАУ-д зорчсон байна. Нас баралт 54 буюу хоёр хувь нь хэвээрээ байгаа юм. Мөн 23 улсад тус вирус илэрсэн үзүүлэлттэй байна.

ДЭМБ-ын Ложистик хангамжийн байгууллага хувийн хамгаалах хувцсын хэрэгцээний тооцоог гаргаж, улс орнуудад нийлүүлж эхлээд байгаа. Манай оронд цөөн тооны буюу ХӨСҮТ-ийн хэрэгцээнд хувийн хамгаалах хувцсыг ирэх долоо хоногт нийлүүлнэ. ” гэв.

Үргэлжлүүлэн ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө.

Тэрбээр “ГХЯ-ны яам хилийн чанадад байгаа монгол иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр бүх улсад байгаа ЭСЯ-нд чиглэл өгөөд ажиллаж байна. Цаашид халдвар тархаж байгаа бүс нутагт амьдарч, ажиллаж буй иргэдээ хамгаалах чиглэлээр арга хэмжээг үргэлжилнэ.

Өнөөдрийн байдлаар БНХАУ-д байгаа ЭСЯ, Консулын газрууд халдварын голомтод хамаарахгүй бүсэд байгаа эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлсэн. БНХАУ-ын Цагаан сар өнгөрснөөс хойш 5,200 иргэн эх орондоо ирээд байгаа. Өчигдөр Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор 100 орчим иргэн ирсэн бол өнөөдрийн байдлаар Эрээнд 150 орчим иргэн ирэх хүсэлтээ гаргасныг хил нэвтрүүлэх ажил эхлээд байна. Автозамын боомтоор иргэдийг хил нэвтрүүлэх ажил хоёрдугаар сарын 5-наар дуусаж, 6-наас агаарын болон төмөр замын боомтуудаар нэвтрүүлнэ.

Гадаадад байгаа иргэддээ хандаж хэлэхэд, ЭСЯ болон Консулын газартаа бүртгүүлээрэй. Аливаа асуудал гарахад бүртгэлтэй иргэдтэйгээ холбогдоход хялбар бөгөөд шуурхай байдаг. Зарим улс орон хилийн хязгаарлалт тогтоож байгаа нь манай улсын иргэдэд нөлөөлж болохуйц байгаа учраас үүнтэй холбоотой мэдээллийг иргэддээ хүргэн ажиллаж байгаа.

Монгол Улсын иргэн хаана оршин суугаагаасаа үл хамааран төрийн ивээлд оршино. Тиймээс “харласан” буюу хууль бусаар оршин суугаа иргэн зөвхөн БНСУ гэхгүй бүх улсад байгаа манай ЭСЯ, Консулын газрууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Гэхдээ БНХАУ-д үлдэх хүсэлтэй иргэдийг хүчээр татан авчрах боломжгүй. Иргэдийн хүсэлт дээр үндэслэн явагдаж байгаа ажил гэдгийг бас тодотгон хэлмээр байна” гэлээ.

Мөн МХEГ-ын улсын байцаагч Д.Төмөрбаатар Хилээр нэвтэрч буй иргэдээс нийт 64 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд эрүүл мэндийн байгууллагад шилжүүлсэн. Энэ дагуу холбогдох албаныхан шаардлагатай арга хэмжээ авсан. Манай улс 14 хилийн боомтоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд таван боомтын хилийг түр хугацаагаар хаасан байгаа. Гэхдээ тодорхой боомтуудаар энэ сарын 5-н хүртэл иргэдийг нэвтрүүлэх ажил үргэлжилж байна. Зорчигчийн гар тээшинд далайн гаралтай бүтээгдэхүүн, боловсруулаагүй хүнсний бүтээгдэхүүнд мөн хяналт тавьж зарим хэрэгслийг буцаах, устгах ажлыг хийлээ. Бусад далайн гаралтай бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүнд ямар хяналт тавих талаар хамтарсан эрсдэлийн үнэлгээ хийхээр саналаа хүргүүлээд байна. Иргэд гар тээшиндээ боловсруулаагүй хүнсний бүтээгдэхүүн нэвтрүүлэхгүй байхыг анхааруулж байна. Хилээр орж ирж байгаа бүх бараа, бүтээгдэхүүнд хяналт, шалгалт хийж байгаа” гэв.

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.