ЭМЯ: Ухань хотоос ирсэн оюутнуудын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан

2020-02-3 Мэдээ мэдээлэл

Хэвлэлийн бага хурал

Эрүүл мэндийн яамнаас дэлхийн зарим улс оронд шинэ коронавирус гарсантай холбогдуулан цаг алдалгүй, шуурхай ажиллаж буй билээ. Даваа гаригийн энэ удаагийн ээлжит мэдээллээр “Шинэ коронавирусийн халдвар гарснаас хойш 34 хоног өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд Монгол Улсад халдвар илрээгүй нь олон байгууллагын хамтын ажиллагааны үр дүн” гэдгийг холбогдох албаныхан онцлон хэллээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл ЭМЯ болон төрийн холбогдох байгууллагууд 24 цагаар бэлэн байдалд шуурхай ажиллаж байна. Түүнчлэн Польш улсад амьдарч буй иргэд, эмч нар 400 мянган амны хаалт, 100 ширхэг хувийн хамгаалах хэрэгслийг хандивласан. Мөн “Монос” групп Уханиас ирсэн оюутнууддаа дархлааг нь дэмжих витаминжуулалтын аян зохион байгуулж байна. УИХ-ын гишүүн О.Батнасан 13 мянган амны хаалт, Солонгос-Монголын хамтарсан коллежийн оюутнууд 900 амны хаалт өөрсдийн гараар урлаж өгсөн гэх мэтчилэн хүнд хэцүү цагт төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж байгаад ЭМЯ талархаж байна” гэсэн юм.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Дэлхийн хэмжээнд шинэ коронавирусийн халдвар авсан 17,900 тохиолдол бүртгэгдэж, нас барсан тохиолдол 45-аар нэмэгдсэн ч нас баралтын түвшин 2.1 хувьтай хэвээр байна. Өчигдөр БНХАУ-аас гадна дөрвөн улсад шинээр халдварын тохиолдол бүртгэгдлээ. Үүнд, ОХУ, Швед, Испани, Их Британи юм. Мөн Филлиппинд коронавиурсаар амиа алдсан иргэн бүртгэгдсэн. Түүнээс гадна БНХАУ-аас гадна эрүүл мэндийн ажилтан халдвар авсан анхны тохиолдол мөн өчигдөр Франц улсад бүртгэгдсэн.

БНХАУ-ын Ухань хотод аялаад эх орондоо очсон Швед улсын иргэн дөрөв хоногийн турш өөрийгөө гэртээ тусгаарлаад өвчний шинж тэмдэг илэрсэн даруйд нөхцөл байдлаа эмнэлгийн байгууллагад хандсан нь халдвар тарахаас сэргийлсэн сайн жишээ болсон байна” гэлээ.

Тэгэхээр энэ сарын 1-ний өглөө МИАТ-ийн тусгай үүргийн онгоцоор БНХАУ-ын Ухань хотоос 31 оюутан, нэг хүүхэд эх орондоо ирсэн. Дээрх 32 иргэнээс гадна нисэх багийн гишүүд, инжeнeр тeхникийн ажилтан, мэргэжилтнүүд нийлсэн 27 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, эмчийн үзлэг шинжилгээнд хамруулаад байсан юм. Энэ талаар ХӨСҮТийн захирал Д.Нямхүү тодруулга хийсэн юм.

Тэрбээр “Уханиас ирсэн 31 оюутан нэг бага насны хүүхэд хүлээн авч тусгаарлаж, тандалт судалгаа, эмчийн үзлэгт оруулж байна. Биеийн байдал сайн . Тэдгээр оюутнаас коронавирусийн халдвар илрээгүй. Дүрэм ёсоор 14 хоног хяналтад байж байгаад эмнэлгээс гарна. Бямба гаригт Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор зорчигчид нэвтрэн орж ирэх үед Эрээн хотод амьдардаг байсан 3 хүнийг хяналтад авсан, тэдгээр иргэдийн шинжилгээний хариу гарсан, коронавирусийн халдвар илрээгүй гэлээ.

Коронавирусийн голомтод бүсээс 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр эх орондоо ирсэн оюутнуудын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан.

Оюутнуудын биеийн байдал сайн байна. Бид цаашид биеийн байдлыг нь хянаж ажиллана. Түүнчлэн оюутнуудыг онцгоцоор авч ирсэн 15 хүнийг ч хяналтад байлгаж байна.

Амралтын өдрүүдэд Дорнод аймагт амьдардаг хоёр хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн хавьталт хүмүүсийн хамт тэнд нь тусгаарласан талаар мэдээлсэн. Тэдгээр иргэдийн шинжилгээний хариу  бүгд сөрөг буюу коронавирусийн халдвар аваагүй гэж гарсан.

Бид нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш нийт 71 хүнийг коронавирусийн сэжигтэй тохиолдол гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан бөгөөд эдгээр иргэдийн хариу бүгд сөрөг гараад байна. Одоогоор Монгол Улсад тус өвчин бүртгэгдээгүй.

Түүнчлэн НЭМҮТ-өөс 1000 хүний дунд шинэ коронавирусийн талаар ямар мэдээлэлтэй байгаа талаар судалгаа явуулахад 85-86 хувь нь эерэг үзүүлэлттэй гарсан байна” гэдгийг хэллээ.

.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.