Шинэ сар гороочдын цуваагаар эхлэв

2017-05-1 Мэдээ, мэдээлэл

Хаврын урьтай хаяалан Төрийн ордныг гороолох зорилтот бүлэг, иргэдийн цуваа хөвөрсөөр байна. Өнөөдөр Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж, хөдөлмөрчин түмэн ажлын хувцастайгаа туг далбаа, лоозон, цагаан хоолой барьсаар ордныг хэдэнтээ гороолов. Энэхүү жагсаал орон даяар зэрэг явж байгаа гэнэ. Өнөөдрийн жагсаалт МҮЭХ-оос гурван шаардлага тавихаас гадна хөдөлмөрийн хүнд нөхцөл ажиллаж байгаа иргэдийн ажиллах орчин, хөдөлмөрийн хөлсний хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг авч хэлэлцэхийг Засгийн газраас шаардаж байгаа юм байна. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2017-2018 оны улсын хэлэлцээрийн биелэлтийг хангах, долоон төрлийн татварын нэмэгдэл хүнд дарамт болохыг Засгийн газарт илэрхийлнэ. Огт хүлээн авах боломжгүй, иргэд, аж ахуйн нэгжийн байгууллагын үйл ажиллагааг тасалдуулах, улс орны эдийн засгийн өнөөгийн хүндэрсэн нөхцөл байдлыг сэргээхээс илүүтэй доройтуулах татварын нэмэгдлүүдийг эргэж харах, эрх баригч нам 2016 оны сонгуулийн үеэр хийж байсан амлалтаа биелүүлэх, иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлнэ, татварыг нэмэгдүүлэхгүй байх зэрэг амлалтуудыг шаардаж Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаагаа илэрхийлсэн юм.

Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр жагсаалд оролцож, жагсч байгаа иргэдийг хүндэтгэж байгаагаа илэрхийлээд тавдугаар сарын 3-ний өдөр МҮЭХ-той хэлэлцээрийн ширээнд хамтдаа суухыг уриалж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Ард иргэдэд ямар нэг асуудал байгаа учраас өнөөдрийн жагсаалд дуу хоолойгоо илэрхийлж оролцож байгаа. Тиймээс ч би тэднийг хүндэтгэж энэ жагсаалд оролцож, хэлэх үгийг нь сонсч байна. Асуудлыг бид хамтдаа шийдэж, ярилцах ёстой. Тиймээс тавдугаар сарын 3-ний өдөр буюу лхагва гаригт МҮЭХ-ны удирдлагуудтай хэлэлцээрийн ширээний ард сууж, шийдлийг хамтдаа гаргая гэсэн саналаа илэрхийллээ. Асуудлыг бид ярилцаж байж шийдэхээс, хэн нэгэн нь чанга орилж, ярьснаар асуудлыг шийдэхгүй гэж бодож байна. МҮЭХ-оос тавьж буй шаардлагуудыг албан ёсоор хүлээж аваад, хамтдаа ярилцана” гэдгээ албан ёсоор “амлав”.

Мөн энэ өдөр Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооноос өнгөрөгч 4-р сарын 24-ний өдөр төрийн гурван өндөрлөгт хандан хараагүй хүүхдийн сурч боловсрох эрхтэй холбоотой шаардлага хүргүүлсэн билээ. Энэхүү шаардлагын хариуг энэ сарын 1-ний өдрийн дотор шийдвэрлэж өгөх байсан ч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй тул тус холбооныхон Төрийн ордны баруун талд байрлах “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний дэргэд өлсгөлөн зарлаж суулт хийж эхэллээ.

Тус холбооны шаардлагыг эргэн сануулбал харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг үл тоож, дорд үзэж байгаа БСШУС-ын сайд Ж.Батсуурийг нэн даруй огцруулах, Бага дунд боловсролын тухай хуулийн 13.3-т боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага харъяанд байна гэж заасны дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяанд байгаа 116 дугаар тусгай сургуулийг БСШУСЯ-ын харъяа болгох, Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд шаардлагатай сургалтын орчин, тоног төхөөрөмж, ном сурах бичиг, хэрэглэгдэхүүний хүртээмжийг сайжруулахад анхаарч ажилладаггүй, харааны бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээг ойлгодоггүй удирдах албан тушаалтнуудыг өөрчлөх гэсэн шаардлагууд тавьсан билээ.

Ийнхүү өнөөдрийн бас нэгэн онцлох “дүр”-ээр УИХ-ын гишүүн асан Г.Уянга тодорч байна. Тэрбээр өнөөдрөөс эхлэн 10 хоногийн турш 11-15 цагийн хооронд Сүхбаатарын талбай дээр суулт зохион байгуулахаар болжээ. Түүний талбай дээр өнжих болсон зорилго нь МАНАН гэх бүлэглэлийн эзэн С.Баяр, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын эсрэг ийнхүү суулт зарлаж, ард түмнийг уриалж байгаа гэнэ. Түүний хэлж буйгаар “Суултыг дэмжиж талбай дээр 4000 хүн ирвэл суултаа тэмцэл болгон үргэлжлүүлнэ. Хэрвээ тийм хэмжээний хүн ирж, талбайг дүүргэхгүй бол тэмцлээ зогсоож, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тавьсан ардын дүнг хүлээн зөвшөөрнө” хэмээн мэдэгдэж байна.

О.Соёмбо

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.