ХОНГКОНГООС ХАЛУУНТАЙ ИРСЭН ХОЁР ИРГЭНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ МАРГААШ ГАРНА

2020-01-28 Мэдээ мэдээлэл

Дэлхийн зарим улс оронд дэгдээд байгаа коронавирусийн халдварыг ярьж эхэлснээс хойш Хятадын эрдэмтэн, судлаачид ДНХ-ийн нуклеотидийн дарааллыг тогтоох дээр эрчимтэй ажиллаж эхэлсэн. Харин SARS-ийн халдвар гарч эхэлсэн үед ДНХ-ийн нуклеотидийн дарааллыг тогтооход дөрөв гаруй сар зарцуулжээ. Тэгвэл шинэ коронавирусийн нуклеотидийн дарааллыг 20 орчим хоногийн дотор хятадын эрдэмтэд тогтоожээ. Үүнийхээ үр дүнг ДЭМБ болон бусад улсын эрүүл мэндийн байгууллагатай хуваалцаж, оношлуурыг хийж эхэлсэн байна.

Харин манай улсын хувьд энэхүү вирус дэгдээд байгаа зарим улс оронтой хөрш гэдэг утгаараа нэлээд эрсдэлтэй хэсэгт орж буй юм. Тиймээс манай улсад өчигдөр шинэ коронавирусийг оношлох оношлуур 22.00 цагийн үед Япон улсаас ирсэн талаар  Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар манай улс 200 ширхэг оношлуурыг хүлээн авсан бөгөөд цаашид БНХАУ-д хийсэн оношлуурыг авч хэрэглэх талаар ярилцаж байгаа аж.

Энэ талаар Эрүүл мэндийн яамны хэлстийн дарга Б.Цогтбаатар “Өмнө нь манай улсад дөрвөн төрлийн коронавирусийн халдварыг илрүүлж байсан. Тэдгээр нь нутагшмал тархалттай болсон учраас байнга томуугийн тогтолцооны нэг хэсэг болгон оношилж байгаа. Зарим хүн өнөөдөр аппарат тоног төхөөрөмж авлаа гэж буруу ойлгож байна. Аппаратын хувьд ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид бэлэн байсан. Бодит хугацааны PCR буюу Полимеразийн гинжин урвалыг аппаратаар үздэг. Эдгээр оношлуурыг өнөөдөр хүлээж авснаар Хонгконгоос халуунтай ирсэн хоёр иргэний шинжилгээний хариу урьдчилсан байдлаар маргааш гарах боломжтой боллоо” гэлээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.