Сүүлийн өдрүүдэд шахмал түлшинд химийн хорт бодис агуулагдаж иргэд олноороо угаартаж байна гэсэн мэдээлэл цахим орчинд тархав. Тухайлбал, сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчийг урд хөршөөс оруулж ирдэг, чанар муутай бүтээгдэхүүн гэх яриа ч дуулдаж буй юм. Гэвч энэ мэдээллийг холбогдох албаныхан үгүйсгэж, тодорхой баримт нотолгоо дэлгэж, эл асуудлыг няцаасаар байна.
Тэгэхээр сайжруулсан нүүрсний 98 хувь нь цэвэрлэсэн нүүрс, харин үлдсэн хоёр хувь нь бэхжүүлэгч. Үйлдвэрлэлийн явцад эрчим хүчний нүүрсээ барьцалдуулах зорилгоор SB маркийн органик холбогч бодис хольдог аж. Харин барьцалдуулагчийг мэргэжлийн хяналтын газраар баталгаажуулж, БНСУ-с оруулж ирж байгаа аж.
Харин сайжруулсан түлшийг хийхдээ Тавантолгойн ордын нүүрснээс “Энержи ресус” ХХК-ийн үйлдвэрт угаасан, 6100 КК илчтэй үйрмэг нүүрсийг тус үйлдвэрт дахин буталдаг байна. Ингэхдээ том ширхэг нь түлшний бат бөх чанарт сөргөөр нөлөөлдөг тул бүгдийг нь горимын дагуу илүү жигд нарийн ширхэгтэй болгон нунтагладаг гэнэ. Ийнхүү нунтагласан нүүрсийг тусгай зуухан төхөөрөмжид өндөр температурт хоёр цаг орчим жигнэх явцдаа асаах, шатаахад дэгддэг зарим хорт бодис, тоосонцорыг даралтат хоолойгоор соруулж авсны дараа тусгай барьцалдуулагчаар идэвхжүүлэн хэвлэн хатааж, нэг тонн ба 25кг-ын уутанд савлан агуулах, цэгүүдэд тээвэрлэн хүргэдэг аж.
Энэ талаар “Тавантолгой түлш” компанийн ахлах зөвлөх, доктор, профессор Г.Бадамхатан “Илчлэг багатай гэдэг нь оргүй зүйл юм. Учир нь судалгааны явцад түүхий нүүрс нь ойролцоогоор 35000С-н дулаан ялгаруулж байхад сайжруулсан түлш нь доод тал 52000С-н хэмийн дулаан ялгаруулдаг нь батлагдсан. Мөн үнсний хувьд шатаж дуусах хүртлээ хэвээ алддаггүй учраас их үнс гардаг юм шиг харагддаг боловч, шатаж дууссаных нь дараа бутлаад, доош үнснийх нь сав руу буулгахад ердийн нүүрснээс ч бага үнс гарна. Судалгаагаар ч гэсэн жигнээд үзэхэд батлагдсан байгаа. Харин барьцалдуулагчийн хувьд хамгийн багаар буюу түлшний 2%-д нь л орж байгаа. Мөн энэхүү барьцалдуулагч бодис нь өөрөө ургамлын гаралтай, нано технологийнх учраас аливаа хор нөлөөгүй. Аан шохойн чулуу бол одоохондоо нүүрсний орц, найрлагад ороогүй байгаа. Хэрвээ нэмбэл хүхэр нь бага ялгарах давуу талтай” гэсэн юм.
Ямартай ч ирэх өвлийг утаагүй, өнөтэй давах шийдлийг холбогдох албаныхан ийнхүү эхлүүлээд байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.