Н.Нарангэрэл: Шахмал түлшийг хэрэглэснээр эдийн засагт ч, эрүүл мэндэд ч ашигтай

2019-10-7 Нийгэм

Утаагүй Улаанбаатарыг бий болгохын тулд түүхий нүүрснээс татгалзах нь зүйтэй хэмээн Засгийн газар шийдвэрлэсэн. Энэ дагуу түүхий нүүрсийг хэрэглээнээс халж, сайжруулсан шахмал түлшийг энэ жилээс хэрэглэж эхлэхээр болсон. Гэвч сайжруулсан түлшнээс болж иргэд угаартаж, зарим нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Өвлийн сар гараагүй байхад сайжруулсан түлшнээс болж иргэд угаартаж, улмаар агаар дахь хүхрийн хэмжээ нэмэгдсэн гэх мэдээллийг нягтлахаар НМХГ-ын АЧХХ-ийн ахлах, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Н.Нарангэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.

Түүхий нүүрс хэрэглэхгүй байх Засгийн газрын тогтоол гарч, иргэд сайжруулсан түлшийг хэрэглэж эхлээд байна. Гэвч шахмал түлшнээс болж иргэд угаартаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Сайжруулсан түлшний найрлагад мэргэжлийн хяналт хяналт тавьдаг байх аа?

-Монгол Улсын Засгийн газраас  Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах нь мэргэжлийн хяналтын байгууллага юм.

Бид эхний ээлжинд олон нийтэд мэдээлэх, тайлбарлах, сурталчлах, сургалт явуулах ажлыг удаа  дараа зохион байгуулсан. “Агаарын бохирдлыг бууруулахад бидний оролцоо”, “Бид нэг агаартай”, “Агаарын чанар сайжруулах бүсэд мөрдөх журам”, “Уурын болон усан халаалтын зуухны  аюулгүй ажиллагаа”, “Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь” зэрэг сэдвүүдээр 26 удаагийн сургалт зохион байгуулж 468 иргэн, 113 аж ахуйн нэгж, байгууллага, 138 хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч, зохион байгуулагчдийг хамрууллаа. Түүхий нүүрсний хэрэглээг хориглох талаар аж ахуй нэгж иргэдэд 927 мэдэгдэл, албан шаардлага хүргүүлсэн. Байгууллагын вэб сайтад “Агаарын хяналт” булан үүсгэж,  хууль эрх зүй, хяналт шалгалтын мэдээ мэдээлэл, гарын авлага, зөвлөмж, сэрэмжүүлгийг байршуулан тогтоолыг сурталчилсан. Энэ сэдвээр хэвлэлийн бага зохион байгуулж хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд олон нийтэд мэдээлэл өгсөн.

Мөн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоод болон хот руу нэвтэрч болзошгүй бусад замууд дээр зөөврийн хяналтын цэгүүдийг нэмж байрлуулан, Цагдаагийн байгууллагатай хамтарч 24 цагаар нүүрсний хяналт шалгалт хийж эхлэнэ.  Хот дотор агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглагчид /тухайлбал уур үйлдвэрлэн үйл ажиллагаа эрхэлж байгаа мах боловсруулах үйлдвэрлэл, хөөсөнцөр, хөнгөн блок, тоосгоны үйлдвэр зэрэг/ улирлын чанартай үйлдвэрлэл явуулдаг иргэн, аж ахуйн нэгжид, түүхий нүүрс худалдан борлуулах цэгүүдэд хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч, иргэдийн оролцоотой хяналт шалгалт хийж зөрчлийг арилгуулна.  Энэ хүмүүс маань бүгд сургалтанд хамрагдсан байгаа.

-Сайжруулсан шахмал түлшний чанар хэр баталгаатай байна вэ гэдэгт иргэд эргэлзэж байна. Үүнд ямар тайлбар хийх вэ?

-Шахмал түлшний үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс дээж авч Геологийн төв лаборатори, Ашигт малтмал, газрын тосны төв лаборатори, SGS IMME Mongolia ХХК-ийн имтгэмжлэгдсэн лабораториудад шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний дүнгээр “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн шахмал түлшний чийглэг /15/- 6.5 дахин бага, үнслэг /30/-1.1 дахин бага, хүхэр /1/ стандарт хэмжээнд, илчлэг /3800/-1.6 дахин их, бат бөх /80/-1.1 дахин их хэмжээтэй гарсан нь “Сайжруулсан хатуу түлш 5679” стандартын шаардлагыг хангаж байна.

-Тэгвэл шахмал түлшнээс болж иргэд угаартаж, амь насаа алдаж байгаа асуудлын талаар юу хэлэх вэ?

-Улаанбаатар хотын ахуйн хэрэгцээнд ашиглаж буй 1.2 сая тн түүхий нүүрсний хэрэгцээг 600 мянган тн шахмал түлшээр сольж хангах боломжтой талаар, мөн шахмал түлшний шаталтын хугацаа Багануурын нүүрснийхээс 2,5 дахин их, шаталтын процессын дүнд үүсч байгаа тоосонцорын хэмжээ 27 дахин бага, СО буюу угаарын хийн хэмжээ 4 дахин бага байна гэсэн  эрдэмтдийн тооцоо, судалгаа гарсан. Нэг өрхийн халаалтын улиралд хэрэглэх нүүрсний хэмжээ 4-5 тонн бол шахмал түлш 3 тонн хэрэглэнэ гэсэн үг. Энэ нь эдийн засаг, агаарын бохирдлыг 30-50%-иар бууруулна гэж тооцож байгаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.